 Монгол Улсын Оюуны чадварын IQ төвийн тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэл. Практикийн дэвшил:2003 онд БСШУЯ-ны “Сэтгэх чадварын улсын олимпиад”–ыг зохион байгуулах шийдвэр гарч, Эрдэнэт хотод анхны олимпиадыг хийж байхад олимпиадад өндөр амжилт үзүүлсэн сурагчдийг ямар сургуульд ямар мэргэжлээр элсүүлэх асуудал бүрхэг байв. ЕБС-иуд төдийгүй их дээд сургуулиуд ч энэ талын практикгүй байв. Эцэг эх, сурагчид бас тийм байсан. Гадаадын нэртэй их дээд сургуулиуд суралцагсадаасаа Сэтгэх чадвар-ын үзүүлэлтийг нь түрүүлж шаарддаг, тэр нь “ерөнхий суралцах чадвар” гэдэг шалгалтаар илэрдэг, ийм чадвар өндөртэй сурагч аль ч сургуульд ямар ч чиглэлээр шууд элсдэг, төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг гэдгийг мэддэггүй байлаа. Өнөөдөр, жишээлбэл, математик, физик, хими гэхчлэн салбар ухааны чиглэлийн улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид яг л тэр чиглэлээрээ дотоодын их дээд сургуульд төлбөргүй элсдэг. Гэтэл “Сэтгэх чадвар”–ын улсын олимпиадын ийм сурагчид өөрийн хүссэн сургуульд өөрийн хүссэн мэргэжлээр шууд элсэж, төлбөргүй сурч байна.

Сэтгэх чадварын олимпиадын тэргүүн байрын сурагчдыг манай их дээд сургуулиуд булаацалдаж, зарим ньнэмэлт цалин -стипенд амлах болов. Эцэг эх, сурагч,багш, захирлууд “эдүгээ цаг бол оюун ухааны эрин мөн байна, хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь л хамгаас чухал юм байна, их заах нь чухал бус аа, гол нь оюун ухааныг нь хөгжүүлэх ёстой юм байна” гэдгийг хаа хаанаа ойлгох болжээ. Энэ бол том дэвшил. Оюуны дэвшил: Хаана хэн түрүүлж оюунжинав, тэнд хөгжил дэвшил жинхэнэ утгаараа ирнэ. Газар шороо хөөцөлдөх нь чухал бус аа, гол нь хүн ардаа оюунжуулах. Алт ухсан нинжа юу, тархиа ухсан оюунтан уу?. Сэтгэх чадварын улсын 8-р олимпиадыг Баянхонгорчууд өөрийн аймагтаа зохион байгуулж байгаа нь тухайн орон нутгийн оюунжилтанд гойд сайн нөлөөтэй юм. Угаасаа Баянхонгорчууд оюуны гүн угшилтай, хэл ам хурц, дайчин, цоглог , оюун сэтгэлгээг өндөр үнэлдэг ард түмэн билээ. Тус аймгийн уугуул,ардын уран зохиолч Т.Галсан Монгол улсын хэмжээнд төрөлхийн оюуны өндөр чадвараа бүтээлээрээ нотолсон 20 дахь хүнээр өнгөрсөн жил тодорсон юм. Аймаг орон нутгийнхаа ирээдүйн хөгжлийг зөв оношлож, “Хонгор нутгийн ирээдүй нь оюуны хөгжил” гэдгийг мэдэрч, түүнд хүн ардаа нэвтэд нь төдийгүй нэлэнхүйд нь оюунжуулах замаар л хүрнэ гэдгийг гүн ухаарсан аймгийн удирдлага, боловсролын хамт олонд талархаж байна. Алсыг харсан аливаа зөв ажлын үр нөлөө аяндаа гарна. Оюуны дэвшил ойрхон байна. Бодлогын дэвшил: БСШУЯ-ны 2009-2010 оны хичээлийн жилийн зорилт 1–д заасан нь: Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарт: 1. “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого /2007-2021 он/-ыг хэргжүүлэх зорилтын хүрээнд “БОЛОВСРОЛ” үндэсний хөтөлбөрийг батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэжээ. БОЛОВСРОЛ үндэсний хөтөлбөрийг БСШУЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2008-2009 оны хичээлийн жилд боловсруулж, салбарын бүх яам, агентлагуудаас саналыг нь авч нэгтгээд 2009 оны 8-р сард Монгол улсын Засгийн газарт өргөн барьсан байна. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 02 сарын 03-ны өдрийн 31-р тогтоолоор “БОЛОВСРОЛ” үндэсний хөтөлбөрийг батлав. Ийнхүү манай салбарынхан ойрын 10 жилд хийх ажлын ерөнхий хөтөлбөртэй болов. Засгийн газрын 31-р тогтоолын 2-р заалт “Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, аймаг нийслэийн Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэсэн ёсоор одоо ажлын хэсгүүд байгуулагдана. Ажил эхлэнэ. БОЛОВСРОЛ үндэсний хөтөлбөр нь Yндэсний хөгжлийн Цогц Бодлого-с эх авсан 6 тулгуур стратегийн зорилтыг 25 дэд зорилтын хүрээнд 100 гаруй арга хэмжээгээр хэрэгжүүлэхээр заажээ. БОЛОВСРОЛ үндэсний хөтөлбөрт сурагчдын билэг авъяасыг нээж хөгжүүлэх, үндэснийтэргүүлэх мэргэжилтнийг бэлтгэх, боловсролыг оюунжуулах чиглэлийн тодорхой заалтууд олон оржээ. БОЛОВСРОЛ үндэсний хөтөлбөр ерөнхийдөө боловсролыг оюунжуулах орчин үеийн чиг хандлагатай нийцжээ. Энэ бол дэвшил. БОЛОВСРОЛ үндэсний хөтөлбөр 102 том заалттай юм билээ. Тэдгээрээс 4-г л сугалан авч товчлон хэлэлцье. 1. “-ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ангийн сурагчийн авъяас билгийг тодруулан, хөгжил төлөвшлийг дэмжих, хүүхдийн цаашид суралцах чиг баримжааг тодруулахад ашиглах” /стратегийн зорилт 2.4.1 /, 2. “-бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийг хөндлөнгөөс үнэлэх тогтолцоог бий болгох” /стратегийн зорилт 4.3.7/, “–ерөнхий шалгалтыг хоёр шаттай болгож, эхний шатны заавал өгөх шалгалт, босго оноог тогтоож мөрдүүлэх” /стратегийн зорилт 4.3.9/, “–боловсролын салбар дахь үйл ажиллагааг боловсронгуй болгох шинэчлэл, өөрчлөлтийн бүтээлч санаачлагыг бүхий л талаар дэмжих” / стратегийн зорилт 6.1.3./ А: Сингапур мэт өндөр хөгжсөн орнууд улсынхаа бүх сурагчдыг 11-12 насанд нь оюун сэтгэлгээний улсын нэгдсэн шалгалтанд оруулдаг байна. Тэгээд 3 том хэсэгт хуваана. Их сургуульруу чиглэх, бэсрэг коллежрүү чиглэх, мэргэжлийн сургалтын төвүүдрүү очих. 1990-д оноос өмнө манайд ТМС, Техникум, Их дээд сургууль гэсэн 3 ялгаатай түвшний сургууль байсан,...7-р анги төгсөөд
|
ТМC-д, 8-10 төгсөөд техникумд, 10-р ангийг дээгүүр үнэлгээтэй төгсвөл дээд сургуульд ордог байв. Эдүгээ бүх хүүхэд 12 –р анги дүүргэж, бүгд их дээд сургуульд ордог болсон, төгсөгчдийн чанар маш дор орсон, завхрал гэж энэ. Одоо үүнийгээ засна, гэхдээ бага анги төгсөх үед нь хөндлөнгөөс нь, Боловсролын үнэлгээний төв, эсвэл IQ төвөөөр шалгуулна. Арын хаалга, багш захирлын нөлөө байхгүй болно. Шалгахдаа, оюуны чадвар буюу IQ -г нь голлоно. Мэдээж хэрэг, эхэндээ баахан хэл ам гарч, уйлаан майлаан болно, тэгээд ойлгоно. Өөр гарц үгүй.
Б: Эдүгээ ЕБС дээр улсын шалгалт гэж байхгүй болсон, харин захирлын шалгалт гэж бий. ЕБС–н бага, дунд, ахлах ангийн төгсөгчдийн стандартын түвшний хангалтыг мөн л хөндлөнгөөс нь улсаас /БСШУЯ-ны дэргэдэх БYТ–р / шалгана, ямарч найраа байхгүй, ингэх аваас тухайн ЕБС-н сургалтын түвшин яг байгаагаараа тодорно. Одоо төрөөс сурагч нэг бүрээр тооцоолон ваучераар бүх ЕБС-г санхүүжүүлж байгаа. /Стандартын түвшний сургалт эрхлэнэ гэж бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж, төрөөс мөнгө авдаг гэсэн үг/. Стандартын түвшний сургалт эрхэлж чадаагүй нь хөндлөнгийн шалгалтаар тодорвол тэдгээр захирал, багш нар ажлаа өгөх, бүр цаашилбал, төлбөр төлөх учиртай. Гадаад орны практик ийм хатуу шударга бөлгөө. Монголчууд бид ч бас угаасаа хатуу шударга зарчимд дуртай хүмүүс билээ. Эцэг эхчүүд үүнийг л шаардсаар өдгөөтэй золгосон шүү.
В: АНУ мэтийн өндөр хөгжилтэй орнуудад Ерөнхий Шалгалт нь хоёр шаттай байдаг. Манайд ганц шаттай. Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн ахлах анги, ялангуяа, төгсөх ангийн сурагчид ердөө л ЕШ-д бэлтгэх ажилтай болов, нийслэлийн зарим сургуулиуд аль эртнээс, дөнгөж 1-р улирал дуусгаад л шууд ганцхан математик , эсвэл ганцхан гадаад хэл, нийгэм гэхчлэн ЕШ өгдөг хичээлүүдээр дагнаж бэлтгэдэг болжээ,... тийм сургуулиуд ЕШ-д өндөр үзүүлэлттэй гарч байна. Сурагчид дөнгөж дунд ангиа дүүргээд л, ганц хоёрхон хичээлрүү хазайж, бусдыг нь орхих, үл хэрэгсэх хандлагатай болов. Ерөнхий боловсрол агуулгаасаа хазайж, өрөөсгөл боловсрол болох нь ээ. Энэ ёстой буруу. Yүний цаана ЕШ-г ганц шаттай авч байгаа манай алдаатай практик байгаа юм. Уг нь, БСШУ-ны сайдын тушаал ёсоор бол, ЕШ-нь сурагчдын ерөнхий сурах чадвар ба мэдлэгийг бодитойгоор шалган тогтоох ёстой бөлгөө. ЕШ-ийн нэр нь хүртэл “ерөнхий шалгалт” билээ. Тэгэхлээр, ойрын жилүүдэд, ЕШ-ийг хоёр шаттай болгож, эхний шатанд нь сурагчдын ерөнхий сурах чадварыг заавал буюу бүх төгсөгчдөөс шалгана, түүнд тэнцэх эсэхийг босго оноо буюу улаан шугамаар зааглана, улаан шугам даваагүй /унасан бол/ бол удаахь шатны шалгалтанд орох эрхгүй болно. Сайтар бэлтгээд дахин орох нь нээлттэй. Ерөнхий сурах чадвар гэдэг нь оюуны ерөнхий чадвар буюу IQ юм. IQ доогуур бол цааш ахих зам хаагдана гэсэн үг. Энэ зөв. Хол явъя гэвэл оюуны чадвараа л хөгжүүлэхээс өөр замгүй болж таарах нь. IQ доогуур хүн хий хоосон их дээд сургууль гэж цаг мөнгөө барах хэрэг юун, зүтгэж зүтгэж төгсдөг, ажлын байргүй хоцордог, яагаад гэвэл, пүүс компаниуд чадварлаг ажилтантай байж л өрсөлдөөнд тэсэж үлдэнэ, тэгэхийн тулд
 ажилтандаа тавих нэн чухал шаардлага нь IQ болсон, одоо манай зарим компани ажилтныхаа IQ-г шалгаж, босго шаардлагаа чангалж байна, үүндээ IQ төвийг хөндлөнгөөс ашиглаж буй. IQ-гээ өсгөхгүйгээр сайн ажилтай байна гэж бодохын ч хэрэггүй боллоо. Шаардлага чангараад л байна, даа, энэ сайн хэрэг. Yүнийг БОЛОВСРОЛ хөтөлбөр бодолцжээ.
Г: ЕБС-ийн удирдлагуудболон багш нарын дотор шинэ зүйл санаачлах, ажлаа эрчимжүүлэх сонирхол нилээд байгаа боловч БСШУЯ, хяналтын албаны шалгалтаас эмээж, зөрчил гаргахгүй цаг нөхцөөж байгаа практик давамгайлжээ. Одоо нэгэнт шинэ санал,санаачлагийг бүхий л талаар дэмжинэ гэж БОЛОВСРОЛ хөтөлбөрт заасан тул захирал багш нарын идэвхи санаачлага өрнөх биз. Айх хэрэггүй, гол нь үр дүнгээ л дээшлүүлэх.
Ийнхүү монголын боловсролыг оюунжуулах ажил БОЛОВСРОЛ хөтөлбөр батлагдсанаар эрчтэй эхэлж байна. ЕБС-ийн багш, удирдлагууд төдийгүй эцэг эх, сурагчид өөрсдөө зүтгэх хэрэгтэй. Багш таны заасан хичээлээр улсын шалгалтанд сурагчид чинь доогуур үнэлэгдвэл багш таны үнэлгээ буурна, ажлын байрны асуудал сөхөгдөнө. Yүнийг багш бүр бодмоор байна. Захирал таны удирдсан сургууль бага дунд ахлах ангидаа улсын тогтоосон улаан шугамнаас доогуур байвал хариуцлагыг та л хүлээнэ. ЕШ-д ганц хоёрхон жил бэлтгээд өндөр үнэлгээ авдаг цаг үе ард хоцров. Энэ даваанд унавал дахин бэлтгэхэд хүндрэлтэй, учир нь сурагчийн нас нь явчихсан буюу оюуны эрчтэй хөгжлийн нас нь өнгөрсөн байдаг. Иймд сурагчдыг аль болох багаас нь оюун сэтгэлгээний хичээлд хамруулж, шаталсан байдлаар цэгцтэй олон жил сургаж байж л ЕШ-ийн анхны даваа болох “сурах чадвар” –ын давааг давна. Бүх эцэг эх, багш нарын анхаарах нэг том шалгалт нь А-д тодруулсан бага анги төгсөх үед нь бүх хүүхдээс авах “оюун сэтгэлгээний нэгдсэн шалгалт” юм. Эндээс л танай хүүхдийн амьдралын цаашдын зам мөр тодроно. БОЛОВСРОЛ хөтөлбөр монголын боловсролыг оюунжуулж, учирсан алдаа завхралыг засаж залруулахад чиглэж байна. Боловсролоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлж байж л бид урагшилна. Боловсролыг оюунжуулж байж л бид ахина. Бидэнд өөр зам алга. Ухрах газар алга. YYНИЙГ ХYН БYР ДОР БYРНЭЭ БОДОЖ ТУНГААГТУН, АЖИЛЛАГТУН.
"Боловсрол" үндэсний хөтөлбөрийг бүрэн эхээр нь БСШУЯ-ны салбарын хууль, эрх зүйн актын нэгдсэн сан http://www.edulaws.gov.mn вэбийн "Тогтоол" хэсгээс татаж авах боломжтой. |