Сэтгэх чадварын улсын олимпиадад амжилттай оролцоцгооё!
Монгол улсын Оюуны чадварын-IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачлагаар 2003 онд анх зохион байгуулагдсан Сэтгэх чадварын улсын олимпиад нь 2004 оноос эхлэн БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болж, 2009 онд 7 дахь жилдээ явагдах гэж байна. Сэтгэх чадварын улсын 7 дахь олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд 2009 оны 3-р сарын 23-нд, III даваа нь 5-р сарын 8-10 -нд Улаанбаатар хотод явагдана. “Сэтгэх чадварын улсын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”-ыг товчлон нийтэллээ. “Сэтгэх чадварын улсын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”-аасНэг. Нийтлэг зүйл
- Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.
- Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.
Хоёр. Олимпиадын зохион байгуулалт
- Сэтгэх чадварын Улсын олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн I-XI ангийн сурагчид оролцоно. Сурагчид анги алгасан орж болно.
- Олимпиадын I даваа сургууль дээр, II даваа аймаг болон нийслэлийн дүүрэг бүрт, III даваа улсын хэмжээнд зохион байгуулагдана.
- Олимпиадын III давааг дэд хороо, II давааг аймаг, нийслэлийн комисс, I давааг сургуулийн комисс зохион байгуулна.
- Аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн комиссыг Боловсрол соёлын газрын аргазүйч, IQ салбарын эрхлэгчийг оролцуулан 5-7 хүний бүрэлдхүүнтэй байгуулна.
- Олимпиадын I давааг тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс зохион явуулах бөгөөд олимпиадад бэлтгэх, сэдэв боловсруулах, ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулан урамшуулах, ач холбогдол үр дүнг сурталчлах зэрэг ажлыг хийнэ.
- Сургууль бүр дээр явагдах олимпиадын I даваа нь I, II, III-IV, V-VI, VII-VIII, IX-XI анги гэсэн 6 ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулж, II даваа буюу аймаг, дүүрэгт оролцох багийн гишүүдийг бүрдүүлнэ. Сургууль бүрээс II даваанд оролцох багийн ахлагч нь бүтээлч багшаар шалгарсан IQ клубын эсвэл ММБА-ийн гишүүн багш байна.
- Олимпиадын II даваа I, II, III-IV, V-VI, VII-VIII, IX-XI анги гэсэн 6 ангиллаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн аварга сурагчийг шалгаруулах ба III даваанд VII-VIII, IX-XI гэсэн ангилалд түрүүлсэн сурагчид, тэргүүн байранд шалгарсан нэг бүтээлч багш оролцоно.
- Олимпиадын II ба III давааны даалгаврыг олимпиад зохион байгуулах дэд хороо боловсруулж, нууцлалыг хадгална.
Гурав. Олимпиадыг дүгнэх
- Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана.
- Олимпиадын III даваанд эхний байр эзэлсэн XI анги төгсөгчид их дээд сургууль, коллежийн мэргэжлийн ангид элсэх эрхийн бичиг, Засгийн газрын 196-р тогтоолын дагуу 2 жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.
Оюуны чадварын IQ төвийн сургалтын алба
|