Оюуны чадварын IQ төвийн тэргүүн, доктор, профессор Ц.Дэмбэрэл
Монголчууд сахилгагүй, үймүүлдэг хүүхдийг “Тархигүй золиг” гэх. Энэ нь тархины талаарх бидний мэдлэгийн хүрээ хязгаар. Тархи судлал монголд хөгжөөгүй юм, боломж ч байсангүй, ерөөсөө тархи судлалын ухаан 1990 оноос л дэлхий дээр эрчимжин, 1995-2005 оныг хүний тархины 10 жил болгов. Сүүлийн 10 гаруй жилд гайхалтай гэхэд багадсан нээлт гарлаа. Заримынх нь ирээдүйг мэдээлэл технологийн ирээдүйтэй холбоод бодохоор их сонин хачин юм болох гээд байх шиг, хүн бид энэхүү махбодон биеэрээ оршин байх эсэх нь эргэлзээтэй болж байна. Гэхдээ айх хэрэггүй ээ, хүн байж л таараа, яавч өөрөө өөрийгөө сөнөөчихгүй биз ээ. За, за ... тийм болог, тэгээд бидний монголчууд зүгээр суугаад байвал ер нь устах биш биз, устаж мэднэ, гол аюул энд байна. Монгол хүн устлаа гэхэд хүн төрөлхтөн байж л байх шүү дээ. Yүнийг л их бодмоор байна даа ...
Тархи, Тархи, Тархи ... энэ үгийг 3 удаа бичихэд ч цөөднө. Учрыг өгүүлсү. Хүн үндсэн 2 хэсэг эрхтэнтэй. Нэг нь тархи, нөгөөх нь бусад бүх эрхтэн. Тархи, бусад бүх эрхтний хооронд нэг том ялгаа буй. Дорж гуайд Далайгийн бөөр, зүрх, элэг, ходоод, хөл, гар, нүд, чихийг нь шилжүүлэн суулгажээ гэхэд Дорж гуай Дорж хэвээрээ л үлдэнэ, эхнэр хүүхдээ хайрлах хайр нь, намдаа, даргадаа үнэнч байх чанар нь хуучнаараа л байна. Харин Дорж гуайд Далайгийн тархийг шилжүүлбэл Дорж нь Дорж биш Далай болно. Доржид суулгасан Далайгийн зүрх Доржийн төлөө цохилох бол Доржид суулгасан Далайгийн тархи Доржийн бүх эрхтэнг эзэмдээд бас дээр нь толгойн ясыг нь эзлээд ЭЗЭН сууна, ёстой л хойноос нь ирээд хот минийх, хотонд нь ирээд гэр минийх, гэрт нь ороод эхнэр хүүхдийг, бүх юмыг нь өөрийнх болгоно, захирна-зална, удирдана-жолоодно.
Эндээс ер нь хүн гэж хэн бэ? юу вэ? гэсэн асуулт гарна. Хариулт нь хүн гэдэг бол үнэн хэрэгтээ тархи-оюун болой. Зүрх, бөөр, элэг, дэлүү, хөл гар яах вэ? Эдгээр нь тархины төлөө оршигч, түүнд үйлчлэгч амьгүй зарцууд юм. Тэгэхлээр хүний амь гэдэг нь зүрхний цохилт зогссоноор бус тархины үйл ажиллагаа дууссанаар эцэслэдэг ажгуу. Зүрх зогссоноос тархи зогсох хооронд эрчимтэй ажиллавал амь аварч болох нь ээ дээ, янз нь ... тийм тохиол олон бий. Тархи гэдэг ийм лут эрхтэн бөлгөө. Ерөөсөө тархи нь эрхтэн ч бус, хүний мөн чанар ... тодруулбал хүн бол тархи, гэхдээ оюун ухаантай заавал хослоно, тэгж байж хүн болмой. Барууны эрдэмтэд “Тархи-оюуны учрыг олвол хүний учир олдоно” гэнэ. Энэ тун ортой. Би сүүлийн жилүүдэд нэг л зүйлийг анзаарах болов, тэр нь монголчууд хүний тархи-оюуныг бус, бусад эрхтэнүүдийг нь илүүтэй шүтэх хандлагад нэлэнхүйдээ автаад байх шиг ...
Хүний биеийг томсгодог, хүчийг нэмдэг идээ-ундаан, арга-технологи бий болжээ, үүнийг сумогийн бөхчүүд батална. Сумогийн бөхчүүд “Бие томорч хүч орлоо” гэлцдэг болохоос “Миний тархины бор гадар зузаарчээ. Эйнштейны харьцангуй онол амархан юм байна шүү” гэдэггүй байх аа. Бие булчинг өсгөж болноо, ... бодибилдингээр хичээллэхэд л болоод явчихна, ... Эр хүний бадриун бие, бяр хүч, хөвчирч, зангирсан булчин шөрмөс, бас бүсгүй хүний гоолиг туяхан бие, гунхсан ганхсан алхаа ... яагаад ч муу биш, үүнийг би вээр хүний гоо сайхны нэг тал нь, бие махбодийн тал нь гэж бодно. Бие махбодийнх гэхээр мэдээж хэрэг тархинаас бусад эрхтэнийх гэсэн үг. Би дээр хэлсэн, тархи-оюун бол ЭЗЭН, бусад нь бол ЗАРЦ гэж. Тэгэхлээр монголчууд бид хүнийхээ хувьд ЭЗЭН тархийг орхичихоод, ЗАРЦ болох бусад эрхтэнээ хэтэрхий өрөөсгөлөөр үнэлж цэгнээд шүтээд байна гэдэг чинь хэр зөв вэ? Энэ чинь юуны цондон бол? Хэрэвзээ энэ янзаараа удвал нэг л мэдэхэд монголчууд бид ЭЗЭН ТАРХИ-гүй, дандаа ЗАРЦ БИЕ-тэй болохдогоо. Энэ сайхан уу? Энэ бол ердөө л СYЙРЭЛ. Yндэстэн ингэж сүйрдэг байна. ЗАРЦ БИЕ-ийг өргөмжлөнө гэдэг нь ЗАРЦ-БООЛ болохын ЦОНДОН.
Жишээ баримт хаа сайгүй бий. Америк тивд тархан суурьшсан индианчууд тархи-оюуныг хойш тавьж, бие-махбод, хар-хүчийг өмнөө барих болсноор хоцрогдохын туйлд хүрч, доройтон буурсаар улс оронгүй болж улмаар үндэстний хувьд ч устах дөхжээ. Эдүгээ АНУ, Канадад тархи-оюуныг эрхэмлэдэг цагаан арьтанууд ЭЗЭН сууж, бөх морь шүтдэг улаан арьстанууд ЗАРЦ-БООЛ болжээ. Индианчууд манай эндээс нүүж асан тэртээ дээр үед ан ав хийхэд бяр чадал ордог, мэдээ сэлт дамжуулахад морины хурд нөлөөлдөг байж л дээ ... одоо чинь өөр болсон цаг үе биз дээ, яаж ч бодлоо гэсэн ... дэлхийгээ нэг харчихаад өөрсдийгөө нэг хараач дээ ... хүмүүс ээ!
Бие-махбод, хар хүч зохих нөлөөтэй, нэр хүндтэй байсан 18, 19, 20-р зуунд индианчуудын байдал ингэтлээ доройтсон байхад оюун-тархины эрин гэгдэх 21-р зуунд монголчууд бидний байдал нүд ирмэхийн зуурт бууран балрахыг үгүйсгэхгүй ээ ...
Нэг монгол эмэгтэй хөдөөнөөс надад захидал бичжээ. “Би төрийн албан хаагч, дээгүүр ажилтай дэс түшмэл, уран зохиол их уншдаг, дандаа монголынхыг, ... Тунгалаг тамир романыг 5 удаа уншиж цээжилсэн ... саяхан цахиур Төмөр, дэвхрэг Итгэлт хоёрын биеийн жинг ухаандаа ургуулан бодож оллоо. Төмөр 150 кг, Итгэлт 50 кг орчим жинтэй ажгуу, монголыгоо цахиур Төмөр шиг сайхан том эрчүүдээр дүүргэх юмсан, гурван Итгэлтийг нэг Төмөрөөр соливол оюуны чадавхи нь яаж өсөх бол?” гэжээ. Би “бусад эрхтэнийх нь хувьд гурван Итгэлт нь нэг Төмөртэй тэнцэж болно, харин тархи-оюуны хувьд гурван Төмөр ч нэг Итгэлтэд хүрэхгүй, гуч, гурван зуун Төмөр байгаад ч нэмэргүй.
ТАРХИ бол ЭЗЭН, МАХБОД бол ЗАРЦ, та ЭЗЭН-ийг ЗАРЦ-тай бүү андуур” гэж хариу бичсэн. Эзэн богд Чингис хаан энэ тухай
“Бие овор үлэмж атал Билиг охор мунхаг ахул Өчүүхэн хүмүүн тэр аж Өт хорхойн садан аж” гэж сургасан бөлгөө.
Одоо та ухаарав уу? Хэрвээ та өөрөөрөө үлдэе гэвэл ТАРХИ-ОЮУН-аа л бүү соль, бусад бүх эрхтэнийг сольсон ч яалаа, орлуулсан ч яалаа, учир нь тэдгээр эрхтэн бол бүгдээрээ ЗАРЦ-БООЛ.
Их хаантан бас “Сээр сүүжиндээ бядтан Нэгэн биеэ зарах буй, Сэтгэл оюундаа эрдэмт Түмэн олныг зарах буй” гэжээ.
Энэ 4 мөртийн эхний хоёр нь Төмөрт, удаахь хоёр нь Итгэлтэд зориулагдсан гэлтэй. Хулгайч Төмөр хээрээр гэр, хэцээр дэр хийсээр биеэ барсан бол баян Итгэлт яалаа? Эрдэнэ, Галсанг зарцлаад л, бас ... Хаантан сүрхий тод хэлсэн байх атал бид мартав уу? буруу ойлгов уу? эсвэл Чингис хаан алдав уу? Аль нь вэ? Хүний ууц нуруу хөл гар нь бадриун, хүч тэнхээтэй байж болох л доо. Энэ чинь тархи-оюун нь тийм хэмжээтэй гэсэн үг биш биз дээ. Хаантан алдаагүй нь лавтай, тэгэхлээр бид л алдаж дээ. Ингэхэд бидний монголчууд, манай төр, түүний түшээд манай тооллын 21-р зуун руу яваад байна уу? Манай эриний өмнөх 21-р зуун руу ухраад байна уу? Бид хаашаа явж байна вэ? Хэлээд өгөөч, надад ...? |