Нэрт эрдэмтэн, профессор Даниел Бурстины бичсэн “Америк орон, ардчиллын туршлага” дөрвөн боть номыг Монсудар хэвлэлийн газар, Нээлттэй нийгэм форумаас монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ. Плутцерийн шагнал хүртсэн энэхүү алдартай бүтээлийн 26-р бүлгээс товчлон нийтлэв.
Хорин зургаа дугаар бүлэг
Оюуны чадавхийг хэмжих нь Хорьдугаар зууны бүр эхэн үеэс оюуны чадавхийн талаар Америкийн нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд идэвхийлэн судлах болсныг олноо хүлээн зөвшөөрөгдсөн арван таван боть "Нийгмийн шинжлэх ухааны нэвтэрхий толь" бичгийн (1930-1935) зөвлөхөөр ажилласан түүхч "Оюуны чадавхи. Сэтгэхүйн тестүүдийг үз" гэж бичсэнээс харж болно. Хорьдугаар зуунд Америкчуудын боловсруулсан хүний оюуны чадавхийг "тодорхойлох" арга техникийг улам түгээмэл хэрэглэх болсон юм. Нэлээд дээр үед буюу 1870-аад оны үед Английн генетикч Фрэнсис Галтон хүний оюуны чадавхи ялгаатай байдгийг тогтоож, антропометрийн үзүүлэлт (оюуны чадавхи) тогтоох хүн судлалын салбар ухаан "антропометр"-ыг хөгжүүлэх шаардлага байгааг цохон тэмдэглэж байжээ. 1882 онд тэрээр Лондоны Эмнед Кенсингтоны музейд хүний сэтгэц шалгах судалгааны лабортори байгуулсан ба хүссэн хүн бүрээс хураамж авч дур сонирхол, хараа, сонсгол, хүртэх мэдрэмжийг шалгаж өгдөг байжээ. Пенсилваний их сургуульд элсэлтийн шалгалт өгсөн зуун хүнээс Америкийн сэтгэл судлаач Жеймс Маккеен Каттелл 1890 онд шалгалт авснаас хойш "оюуны тест" гэсэн нэр томьёо анх үүссэн гэж үздэг. Анх эдгээр хүнээс уран сэтгэмж, ой тогтоолт, хүлээн авах чадвар, хөдөлгөөний эвсэл, цаг хугацааны баримжаа, өвдөлтийг мэдрэх байдал, хурд хүч, өнгө ялгах чадвар, ой санамж, мэдрэмж, хараа ба сонсголын түвшин, дур сонирхол зэргийг шалгасан тест авчээ.
Yүний дараа 1891 онд сэтгэл зүйн шинжлэх ухааны салбарын ашиг тусыг сайтар ойлгож хөгжүүлэхийг чармайж байсан Кларкийн их сургуулийн ерөнхийлөгч, сэтгэл зүйч Г.Стэнлей Холлын санаачлагаар Германаас ирээд удаагуй байсан хүн судлалын ухааны залуу эрдэмтэн Фрэнк Боас, Ворсестерийн дунд сургуулийн мянга таван зуун хүүхдээс ой тогтоолт шалгах тест авсан байна. 1893 онд Чикаго хотноо зохиогдсон Колумбын нэрэмжит Дэлхийн худалдааны үзэсгэлэнгийн үеэр Висконсины Их сургуулийн сэтгэл зүйч Жозеф Жастроу хачирхаж дургүйцэхийн оронд харин ч сайн дураараа оюун ухааны тест өгөх хүсэлтэй маш олон хүн байдгийг мэджээ. 1895 он гэхэд Америкийн сэтгэл зүйн нийгэмлэг "оюун ухаан болон сэтгэцийн чадавхийн талаар тоо баримт цуглуулах" лабораторийг орон даяар байгуулж, үйл ажиллагааг удирдах зорилготой Yндэсний Хороо байгуулсан юм. Нэгдсэн Улсад оюуны тест авах болсон явдал хорьдугаар зуунд Америкт үүссэн хоёр томоохон байгууллага болох зэвсэгт хүчин, боловсролын системийн үр дагавар байлаа. Эдгээр нь хоёулаа ардчилсан нийгмийн илэрхийлэл болж, хүмүүсийн тооны сэтгэлгээг улам хөгжүүлсэн билээ.
Америкийн боловсролын систем өргөжиж, үнэ төлбөргүй дунд сургуулийн тоо нэмэгдсэнээр дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй залуучуудын тоо өмнөхөөс хэд дахин нэмэгдсэн юм. Дунд сургуульд сайн дурын үндсэн дээр шууд элсдэг, тэр ч байтугай сурахыг албаддаг бол харин ихэнх дээд сургууль, коллежид элсэлтийн шалгалт өгч байж орох эрхтэй болдог. Америкийн дунд сургуульд элсэн суралцагсдын тоо 1890-1922 оны хооронд арав дахин өссөн (200 мянгаас 2 сая) байхад их сургууль, коллежид элссэн оюутны тоо дөнгөж (150000 - 600000 орчим) буюу дөрөв дахин нэмэгдсэн байна. Элсэлтийн шалгалт авах шинэ арга барил шаардлагатай болсныг дээрх тоо баримт гэрчилж байгаа юм. Элсэлтийн шалгалтын нэгдсэн системтэй болсноор их сургууль, коллежууд дээд боловсролын үр шимийг жинхэнээсээ ашиглаж чадах чадварлаг хүмүүсийг сонгож чадах байлаа.
Нэгдсэн улсын засгийн газар боловсролын асуудалд ямарваа нэгэн хариуцлага хүлээж хэвшээгүй энэ нөхцөлд төвлөрсөн хувийн байгууллагаас гаргасан нэгдсэн тест элсэлтийн шалгалтыг орлож чадах байлаа. Их сургууль, коллежийн шаардлагад дунд сургуулийн хөтөлбөрийг нийцүүлэхэд туслах зорилготой анхны төлөвлөгөөг Колумбийн их сургуулийн Гүн ухаан ба Боловсролын тэнхмийн профессор Николас Муррей Батлер 1890 онд санаачлан зохиосон байна. "Тухайн үе бол үнэ төлбөргүй дунд сургуулиуд маш олноор байгуулагдаж, нэр хүнд нь өсөөд байсан цаг байлаа. Нэгдсэн Улс даяар томоохон хот суурин бүрт дунд сургууль байгуулагдсан нь дээд сургуульд хаанаас ч элсэх боломжийг хангасан арга хэмжээ болсон юм. Нэгдсэн Улсын бүх их дээд сургууль, коллежууд олон нийтийн сонирхол, дунд сургуулийн эрэлт хэрэгцээ, бусад их дээд сургуулиудын явуулж байгаа бодлогыг үл харгалзан өөрсдийн бие даасан байдлыг хангах замаар ажиллах болсон юм" гэж Батлер дурсан ярьсан байдаг.
1905 онд Францын сэтгэл зүйч Алфред Винет, Францын Боловсролын яамнаас оюуны хомсдолтой хүүхдийн сургалт хариуцсан комиссыг тэргүүлэх томилолт авсны дараа, Францын өөр нэгэн нэртэй сэтгэл зүйч Теодор Симонтой хамтран оюуны чадавхи шалгах тест зохиожээ. Винет өсөж бойжин, нас нэмэгдэхийн хэрээр хүний оюун ухаан хөгждөгийг батлах зорилгоор өөрийн зохиосон тестийн дагуу нас насны хүүхдийн оюуны чадавхийн дундаж үзүүлэлтийг олох судалгаа хүүхдүүдийн дунд хийжээ. Дараа нь хэн нэгэн хүүхдийн тестийн дүнг ерөнхий дундажтай харьцуулан үзээд тухайн хүүхдийн оюуны чадавхи байх ёстой түвшиндээ хүрч байгаа эсэхийг Винет маш амархан тогтоож чаддаг болсон байна. Хүүхдийн оюуны чадавхийг хэмжих тестийг нас насны онцлогт тааруулан зохиосон учраас тухайн насны хүүхэд уг тестэд 75 хувиас дээш оноо авбал сэтгэцийн хувьд эрүүл "жирийн" хүүхэд гэж тооцдог байв. 1908 оноос Винет Симоны тестийг Англичууд хэрэглэх болж улмаар Нэгдсэн Улсад нэвтэрсэн юм. Хожим 1912 онд Германы сэтгэл зүйч Вилльям Стейн, нас насны хүмүүсийн оюуны чадавхийг тогтоох зорилготой "Оюуны чадамжийн коэфициент" олохыг санаачилсан нь маш хэрэгтэй зүйл болжээ. Стэнфордын их сургуулийн сэтгэл зүйч Левис Терман тэргүүтэй хүмүүс Винот Синоны тестийг өөрчлөн Америк маягийн стандартад тохирсон "оюуны чадавхийн тест" зохиосон юм. Yүнээс хойш бүх хүмүүсийн оюуны чадавхийг шалгахад “IQ”-г хэрэглэх болжээ. 1917 онд Америкчууд Дэлхийн 1-р дайнд татагдан орсноор цэргийн албанд татагдан ирсэн залуусыг ангилан хуваах шинэ төрлийн тест зохиох яаралтай шаардлага тулгарсан байна. Америкийн Сэтгэл зүйчдийн Нийгэмлэгийн удирдах хороо залуусыг бөөнд нь шалгахад тохиромжтой Цэргийнхэнд зориулсан хоёр төрлийн тест зохиосон ба энэ тестийн дагуу оюуны чадавхи муутай хүмүүсийг илрүүлэх мөн нөгөө талаар армид хэрэгтэй "офицер болох" хүмүүсийг сонгон шалгаруулах боломжтой байсан юм. Цэргийн Альфа тестийг англиар ярьдаг, бичиг үсэгтэй залууст зориулан зохиож харин Цэргийн Вета тестийг бичиг үсэг мэддэггүй, англиар ойлгодоггүй гадаадынхныг (дохио зангаа голдуу ашигласан) шалгахаар зохиосон байлаа.
1919 оны 1-р сарын сүүлээр 1726 залуусаас уг тестийн дагуу шалгалт авсан юм. 1921 оныг хүртэл уг шалгалтын дүнг албан ёсоор зарлаагуй боловч шалгалт өгсөн цагаан арьстан залуусын 47,3 хувь, өнгөт арьстан негрүүдийн 89 хувийн оюуны чадавхи зохих түвшингээс даруй арван хоёр насаар хоцорч байсан тухай мэдээлэл зарим нэг эх сурвалжаас тараад байлаа. Шалгалтын номонд зааснаар насанд хүрсэн хүний оюуны чадамж зохих түвшингээс арван хоёр насаар доогуур бол "оюуны чадвар султай" гэсэн үг байв.
Нэр хүндтэй сэтгэл зүйч нарын дэвшүүлсэн "Ухаан муутай хүмүүсийн асуудлыг" сонсоод улс үндэстэн даяар цочирдоод байсан үед энэ мэдээ тарсан байна. Энэхүү хурц асуудлыг хамгийн хүчтэй эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд явсан Хенри Х.Годдард өөрөө Цэргийн тест зохиох хороонд ажилласан юм. Годдард бол Нью Жерси хотын бүх сургуулийн хоёр мянга гаруй эрүүл саруул хүүхдүүдийг шалгасны дараа 1911 онд Винот Симоны тестийг орчуулж, Америкийн нөхцөлд тааруулан өөрчилсөн хүн юм. Годдард оюуны чадавхийн тестийг эрүүл саруул нийгэмд хүрэх гарц, нийгмийн өөрчлөлт хийх шалтгаан, эрүүл саруул хүн л үр удмаа үлдээх ёстойг баталсан зүйл гэж үздэг байлаа. Түүний зохиосон тестийг шүүмжилсэн хүмүүст хандан Годдард "сэтгэл зүйчийн үгийг сонсоод дургүйцэж, шоолж байгаа хүмүүс халууны шил хэрэггүй гэж хашгирч байгаа хүнтэй адил харагдана" гэж хэлсэн байдаг. Нью Жерси мужийн насанд хүрээгүйчүүдийн засан хүмүүжүүлэх байгууллагын харьяа Мэргэжлийн сургуулийн сэтгэл зүйчээр ажиллаж байхдаа Годдард өршөөлөөр суллагдсан "зан авирын доголдолтой" арван дөрвөөс хорин насны тавин зургаан охидыг тестээр шалгасан байна. Тэдний дөрвөөс бусад нь "оюуны хомсдолтой" болохыг тестээр илрүүлжээ. Дараа нь Годдард Неваркийн насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож байсан хүүхдүүдээс зуун хүүхэд сонгон судалгаа хийгээд 66 хувийг нь "оюуны хомсдолтой" гэж тогтоосон байна.
Годдард өөрийн үзэл бодлыг улам лавшруулан, цэнгээний газрын үйлчлэгч сэтгэцийн гажигтай бүсгүй хувьсгалын үйл хэргийн төлөө тэмцэгч нэгэн эртэй учран нийгэмд уршиг тарьж байгаа тухай шуугиан дэгдээсэн "Каллилакийн гэр бул" нэртэй ном бичжээ. Тэдний дундаас төрсөн хууль бус хүүгээр дамжуулан (Хуучин аймшиг нэрээр алдаршсан) Годдард зэрлэг догшин авир зан, биеэ үнэлэх явдал, мэдрэл муутай хүмүүсийн асуудал, архинд донтох өвчин, янз бүрийн гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг уудлан бичсэн байна. Олон түмнийг байлдан дагуулсан уг зохиолоо Годдард зөвхөн бодит үнэнийг "шинжлэх ухааны үндэстэйгээр" харуулсан статистик үзүүлэлтийн тоймыг хүмүүст танилцуулсан гэж дүгнэсэн байна. Годдард гэмт хэрэг, оюуны хомсдол удамшдаг болохыг судалгааны явцад тогтоогоод байгаа ч шинжлэх ухааны зүгээс нарийвчлан судлахад дэмжлэг дутаж байгаа гэж ярьсан байна. 1877 онд эрүүгийн хэргийг сонирхон судалдаг Ричард Д.Дугдале мөн гэмт хэрэгтний зан авир удамшдгийг баталсан тухайгаа ярьжээ. "Жакийнхан", "Эрүүгийн хэргийг судлах нь", "Гуйлгачлал ба ядуурал", "Удамшлын өвчин" зэрэг номондоо Дугдале эвдэрсэн нэгэн гэр бүл муж улсад дор хаяж 1.308,000 долларын хохирол учруулсан тухай бичсэн байдаг. 1911 онд Дугдалийн гар бичмэл санамсаргүй олдож "Жак" нууц нэрээр ямар гэр бүлийн тухай бичсэн нь илэрсэн юм. Судлаачид энэ гэр бүлийн удам угсааг дөрвөн жилийн турш үргэлжлүүлэн судалсны эцэст: Жакийн удмынхнаас хагас нь "оюуны хомсдолтой байсан, одоо ч хэвээрээ байгааг" илрүүлж, энэ гэр бүл мөн л гэмт хэрэгт холбогдсоор, гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нь цөм оюуны хомсдолтой болохыг гэрчилсэн Жакийнхан нэртэй судалгаагаа 1915 онд нийтлүүлсэн байна.
"Шинжлэх ухааны үндэстэй энэхүү судалгаан дээр Годдард насанд хүрсэн болон насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийн оюуны чадамжийг өөрөө биечлэн шалгасан тестийн үр дүнг нэмэрлэн дээрх онолоо батлахыг чармайсаар байлаа. Годдард ийнхүү оюуны хомсдолтой хүмүүсийг хянах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг улс даяар өрнүүлж чадсан юм.
Тэрээр цагаачлалын талаархи конгрессын 45 цуврал бүхий хэлэлцүүлгийн статистик тоо баримт ашиглан, Цагаачлалд Хориг тавих Лиги болон үндсэрхэг үзэлтэй бусад бүлгийн дэмжлэгийг авч удамшлын өвчтэй "тааламжгүй" хүмүүсийн цагаачлах эрхийг хассан хууль батлуулж чадсан юм. 1910 оны орчим Годдардын санаачлагаар Америкчуудын ярианд "moron" (грек хэлний moros буюу усан тэнэг) гэсэн үг нэвтэрсэн билээ. Коллежийн Элсэлтийн Шалгалтын Удирдах Зөвлөл өмнөх жилүүдэд авсан тестийн үр дүн, онцлогийг хэлэлцсэний эцэст 1924 онд Зөвлөлийн нарийн бичгийн даргад дараах үндсэн чиглэл баримтлахыг үүрэг болгосон байна.
- Ёс суртахууны төлөвшил
- Эруул мэндийн байдал
- Дүгнэлт хийх чадвар
- Оюуны чадавхи, мэдлэгийн хүрээ
- Хамтач сэтгэлгээний төлөвшилт, бусадтай хамтран ажиллах чадвар
- Судалгааны ажлын арга барил эзэмшсэн байдал
- Гадаад хэлний мэдлэг
1926 онд Удирдах зөвлөл анх удаа сургуулийн хичээлийн сэдвээс гадуур, хүний "оюуны чадавхийг" шалгах зорилготой "Scholastic Aptitude Test, SAT" буюу "Боловсрол эзэмших ур чадварын тест" авах зааварчилгаа гаргасан юм. Дараагийн арван таван жилийн турш Удирдах зөвлөл коллеж сургуулиуд, элсэн суралцагч нарыг шалгалтанд урьдчилан бэлтгэх материал, дүрэм журам, зааварчилгаа зэргээр хангах үүднээс шалгалтын системийг улам боловсронгуй болгохоор ажилласан юм. Хожим 1935 онд Удирдах зөвлөл хичээлийн жилийн туршид авсан 100 оноогоор дүгнэдэг уламжлалыг халж, онооны системээ бүхэлд нь өөрчилсөн байна. Шинэ дүрмээр коллежид элсэн суралцагчийн авах ёстой дундаж оноог 500-гаар тогтоож, онооны дээд доод хязгаар болох 200-800 оноонд харьцуулан хувь тооцож, тогтоосон дундажаас дээш, доош оноо авсныг харгалзан коллежид элсэх зөвшөөрөл олгодог болсон юм. Дэлхийн 2-р дайнаас үүдэн Удирдах зөвлөл коллежид элсэгчдийн мэдлэгийг шалгахаас боловсрол эзэмших хүсэлтэй бүх хүнээс шалгалт авах тестийн шинэ арга технологи боловсруулсан юм.
Улс даяар, Америкийн нийгмийн амьдралын бүх салбарт нэвтэрсэн тестийн шалгалт шийдвэрлэх шинэ үүрэгтэй болсон юм. 1947 онд Коллежийн элсэлтийн шалгалтын Удирдах Зөвлөл болон тест бэлтгэдэг бусад бүлгүүд хамтран Боловсролын тестийн шинэ үйлчилгээний газрыг байгуулсан юм. Уг газар "тестийн үйлчилгээ нэн чухал шаардлагатай байгаа бүх газарт шинэ тест, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхийн тулд" тестийн системийг боловсронгуй болгохоо амлаж, үндэсний боловсон хүчинг тестийн шинэ технологиор ангилах болжээ. 1950 онд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга "коллеж ба дунд сургуулийн хөтөлбөрийн ялгааг арилгах нь" дунд сургуулийн сурагчид коллежид амжилттай элсэн орох нөхцлөө өөрсдөө бүрдүүлэх боломж олгож байгаа тул боловсролын ур чадварын тестийг илүү чухалчлах ёстойг онцлон дурдсан байна. Боловсрол эзэмших боломж хүн бүрийн өмнө нээгдсэн учраас энхийн цагт элсэн суралцагсдын тоог хянах шинэ асуудал босч ирсэн юм. 1951 онд коллежийн насны шалгалт өгсөн 525000 орчим залуусын "IQ" буюу "оюуны чадавхийн коэффициент нь 110 ба түүнээс илүү байсан тул тэд коллежийн шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй дунджаас илүү өндөр түвшинд" байсан гэж Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хэлсэн байна. Гэсэн ч тэдний дөнгөж 210000 нь коллежид элссэн бөгөөд үлдсэн 315000 залуус "санхүүгийн боломж бололцоо, өөрсдийн санаачлага дутсанаас" коллежид элсэн суралцаж чадаагүй юм. Оюуны чадавхийн түвшин өндөр ч боловсролоо дээшлүүлэх боломжгүй авьяаслаг залуу Америкчууд олон байгааг тестийн дүн харуулсан бөгөөд улс даяар дээд боловсролыг санхүүжүүлэх шинэ систем бий болсны ачаар тэд коллежид элссэн юм. Шинэ систем (оюуны чадавхийн коэффициент нь 110-аас доогуур оюутанд элсэх зөвшөөрөл олгон) "мөнгө дэмий цацах" (оюуны чадавхийн коэффициент нь 115 ба түүнээс дээш оюутан элсэх боломжгүй хоцрох) "авьяасыг хоосон үрэгдүүлэхээс” урьдчилан сэргийлэх хоёр үндсэн зорилготой байлаа.
Боловсрол эзэмших ур чадварыг дээдэлсэн "зардал багатай урьдчилсан тестууд" байнга авах, оюуны чадавхийн коэффициент шалгахад 110-115 оноо авсан түвшингийн оюутан сурагчдыг сургадаг тусгай сургууль байгуулах, коллежид "элсэгчдэд туслах гарын авлагад" ихээхэн ач холбогдох өгөх (1960-аад оноос гарын авлага бэлдэх нь бие даасан мэргэжил болж өөрийн гэсэн нийгэмлэг, сэтгүүлтэй болсон байв) зэргээр олон төрлийн санал санаачлага гарч байлаа. Олон жил хэлэлцсэний эцэст 1960 оноос элсэгчдэд шалга шалгалтын тестийн дүнг нийтэд танилцуулах болсон байна. Энэ явдал тоон үзүүлэлтээр хүнийг ангилахад олон нийтийн анхаарлыг хандуулсан шинэ чухал алхам болсон нь мэдээж юм. Коллежийн элсэлтийн шалгалтын Удирдах Зөвлөлийн Ерөнхийлөгч "хэл ам гарахаас" сэргийлэн, шалгалтын тестийн дүнг одооноос эхлэн олон нийтэд зарлах нь "ёс суртахууны бүрэн төгс ялалт" байгуулсан хэрэг гэж мэдэгдэж байлаа. Тэрээр Колумбын Багшийн коллежийн хамт олонд хандан: Оюутнууд шалгалтын тестийн оноогоо мэдсэнээр хэцүү байдал үүсэх вий гэсэн айдас болгоомжлол байсан боловч харин өнөөдөр SАТ ын оноо оюутнууд хэсэг бүлгээрээ нэгдэн нийлэх тааламжтай нөхцлийн нэг болсныг би өөрийнхөө төрсөн хүүхдүүдийн ярианаас ойлгосон. "Тэр тэнэг амьтан дөнгөж 420-ыг авсан" гээд бүтэлгүй нэгийгээ булгээсээ хөөдөг. Ухаалаг, төлөв түвшин оюутнууд маш өндөр 600 авсандаа сэтгэл хангалуун явдаг ч хэний ч танихгуй сод ухаантай хүүхэд 700 авсныг сонсоод хүндэтгэн биширдэг болсон байна. Удирдах зөвлөл шалгалтын оноог олон нийтэд зарлахаар шийдэхдээ ийм үр дүнд хүрнэ гэж бодоогуй байлаа гэжээ.
Зуугаад жил өнгөрөхөд шалгалтын тест, тестийн дүнг шинэ тутам үүссэн мэргэжил болох боловсон хүчний менежмент, ажил мэргэжил сонгох зөвлөгөө өгдөг байгууллагын ажилтнууд өргөн ашиглах болсон юм. Хүний нөөцийн ажилтнууд шалгалтын тестийг төрийн үйлчилгээний албанд "чадварлаг" ажилтан шалгаруулж авах гол шалгуур гэж үздэг. "Оюуны чадавхийн тест, холбогдох бусад ур чадварын тест нь өдрөөс өдөрт хүний нөөцийн бодлогыг тодорхойлогч нийгмийн гол арга хэрэгсэл болоод байна. Зэвсэгт хүчний албаас гадна дунд болон тусгай мэргэжлийн сургуульд элсэх, үйлдвэр аж ахуйн газар, төрийн албанд орж ажиллахад шалгалт өгөх болсон юм. Ингэснээр эрт үеэс уламжлагдан ирсэн танил тал, нийгэмд эзэлж байгаа байр суурь, хамгийн гол нь хээл хахууль өгч, ажилд ордог байдлыг халж чадлаа" гэж 1971 онд нэгэн боловсон хүчний мэргэжилтэн бичсэн байна. Улс орны нийт хүн амыг тоон үзүүлэлтээр хэмжих болсон шинэ хандлага газар авч, хүмүүсийг жирийн оршин суугч, ард иргэд гэж үзэхээс илүү "ажиллах хүчний нөөц" хэмээн тодорхойлох болжээ. Боловсон хүчний менежменттэй холбоотой ном хэвлэл бичсэн хүмүүс өөрсдийгөө "хүний нөөцийн удирдлага"-ын талаар бичсэн гэж ярих болсон байна. |