Монгол улс дэлхийн өндөр IQ-тэй (оюуны чадавхитай) орны ангилалд багтжээ.
Ц.Дэмбэрэл. Өдрийн сонин 2003. 11. 05 ¹ 265 (1454)
Умард Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лүнн, Финландын улс төр судлалын профессор Тату Ванханен нар хамтарсан судалгааныхаа үр дүнг нэгтгэж “IQ ба үндэстний баялаг” бүтээлийг 2002 онд хэвлүүлсэн байна. Энэхүү судалгаагаар дэлхийн 185 орны хөгжлийн гол чухал индикатор үзүүлэлтүүдийг 1820 оноос 1998 он хүртэл 178 жилээр тооцоолж математик-статистикийн арга хэрэглэн регрессийн тэгшитгэл зохиож, улмаар эдгээр орны оюуны илтгэцүүрийн судалгаануудыг ашиглан улс орнуудын оюуны чадамжийн коэффициент IQ-г үнэлэн гаргажээ.

Эдгээр эрдэмтэд үндэстний оюуны чадавхийн загвартаа тухайн орны газарзүйн байрлал, цаг агаарын бүс, үндэстний нас буюу цаг хугацаа, байгаль орчны бохирдол, үндэстэнд буй удамшлын хүчин зүйлс, (үүнд: арьсны өнгө, нүд ба үсний өнгө, нүд, шүд, биеийн хэлбэр, тархины хэмжээ, удамшлын өвчнүүд, цусны бүлгийг хамааруулжээ), хүн амын эрүүл мэндийн байдал, төрөлт, нас баралт, орон зайн шилжилт, боловсролын төвшин, эдийн засгийн өсөлт, ядуурал, улс төрийн шинэчлэл гэх мэт хүчин зүйлсийг анхаарч үзсэн байна. Асуудалд тун буурьтай ханджээ..... аргагүй биз, эмзэг асуудал л даа.
Тайлбар
Нэг: Эдгээр профессорууд нь үндэстнүүдийн оюуны чадавхийг олон жил дагнан судалж буй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд билээ. Тэд 300 тал хуудас бүхий эрдэм шинжилгээний энэхүү даацтай бүтээлдээ 378 эх үүсвэр, НҮБ, Дэлхийн Банкны болон холбогдох бусад судалгааг ашиглажээ. Олон үндэстний оюуны чадавхийн уралдаанд 185 орноос манай улс IQ=98 оноогоор 21-д орсон байна. Энэ бүлэгт АНУ, Дани, Франц, Исланд, Австрали, Норвеги улсууд багтаж байна. Эдгээр нь бүгд өндөр хөгжилтэй орнууд бөлгөө. Үндэстний IQ-нь 101-ээс дээш бол оюуны тэргүүлэгч, IQ- нь 97-оос 100 бол өндөр IQ-тэй орнууд гэх мэтээр ангилах үндэстэй. Ингэвэл Монгол улс одоогоор өндөр IQ-тэй орнуудын ангилалд багтаж байна. Уг номын 147-р талд “Улс төр, эдийн засгийн холын хараатай шинэчлэл хийж буй Монгол улсын тухайд Хятад, Хойт Солонгос, Вьетнамаас илүү хурдтай хөгжиж эдийн засгийн өсөлт олох боломж бий. . . .” гэсэн байна. “IQ and the wealth of nations. Richard Lunn and Tatu Vanhanen 2002. PRAEGER. Westport, Connecticut LonҮүнийг үзээд би вээр “Тэгэх ёстой, Монгол хүн угийн сэргэлэн л дээ, ямартаа л дэлхийг донсолгож байв гэж, манай залуусыг гадаадынхан толгой сайтай гэж үнэлдэг нь давхар батлагдав, 21-р зуун бол оюун ухааны эрин, энэ чинь оюуны өндөр IQ-тэй улсын хувьд харьцангуй давуу тал нь улам тодроно гэсэн үг, монголчууд биднийг мэдээллийн шинэ эрин ивээж байна, одоо оюун ухааныг эрхэмлэн дээдлэх хөдөлгөөнийг өрнүүлж бүх ард түмнийг хамарсан бодит ажил үйлс болгоод ойрын 10 жилийн дотор үндэстнийхээ IQ-г ядаж 3 нэгжээр өсгөж оюуны тэргүүлэгч орон болох зорилт тавьцгаая, ийм сайхан боломж бэлэн байна, учир нь монгол хүнд IQ-н унаган давуу тал бий, монголд оюуны сэргэн мандал ирлээ дээ” хэмээн бодож ихэд баярлав. Баярлахгүй байхын ч аргагүй. Монголчууд бид оюуны чадварын дэлхийн уралдаанд тун дээгүүр давхисан байна шүү дээ . . . Өндөр IQ-тэй Монгол Улсын иргэн танд баяр хүргэе.
Хоёр. АНУ-ын үндэстний IQ=98 байгаа нь зохиогчдын нотолж буйгаар тус улсын хар арьстнуудын IQ=85, Испани гаралтнуудын IQ=92, цагаан арьстаны IQ=100 бөгөөд математикийн жигнэсэн дундаж нь 98 гэнэ. Үүнийг тогтоохдоо 1914 оноос хойшхи олон удаагийн IQ тестийн дүнг давхар ашиглажээ. Заримыг нь цойлдон дурдвал, 1933 оны 1000 хүүхэд ,1949 оны 1215 хүүхэд, 1947 оны 13-18 настныг хамарсан тусгай судалгаа, 1972 оны 64000 хүн, 1978 оны 10000 хүн, 1996 оны 18-аас 70 настанг хамарсан их судалгаа гэх мэт, тэр ч бүү хэл 300000 цэргийн албан хаагчдын IQ-ийн түвшинг харгалзжээ.
Гурав. Монгол Улсын Оюуны чадварын-IQ төвөөс сүүлийн гурван жилд иргэдийн IQ-г тогтоох талаар байнга судалгаа хийж байна. Зөвхөн өнгөрсөн хичээлийн жилд гэхэд л 18000 орчим хүүхэд IQ-ийн түвшингээ 3 удаа тогтоолгож “Оюуны хөгжил-IQ” хичээлд хамрагдсан болно. Бас тусгай судалгаа ч явуулсан. 2001 онд 1198 сурагч, 790 насанд хүрэгчдийг шалгахад хүүхдийн дундаж IQ=101,1 насанд хүрэгчдийн IQ=101,4 ерөнхий дундаж IQ=101,2 байв.
Дөрөв. Дурдан буй номын нэр нь ч гүн утга агуулгатай. Тодруулбаас суут эдийн засагч Адам Смитийн сонгодог бүтээл нь “Үндэстний баялаг” нэртэй. Энэ бүтээл нь “жам ёсны эрх чөлөө”-г тунхагласныхаа ачаар аж үйлдвэрийн эриний эдийн засгийн хөгжлийн онолын эх суурь болсон билээ. Тэгвэл мэдээлэл-оюуны эринд жам ёсны эрх чөлөөнд тулгуурласан оюуны хөгжил нь үндэстний баялаг бөгөөд оюун ухаан нь тухайн орны ирээдүйн хөгжлийн эх булаг болох учиртай. Иймд европын хоёр профессор маань олон жилийн судалгааныхаа үр дүнг “IQ ба Үндэстний баялаг” хэмээн нэрлэжээ. Энд IQ ба Үндэстий баялаг гэсэн дараалалтай байна. Учир нь “оюун ухаан” тэргүүлэгч бөгөөд түүнийг шүтсэн улс үндэстний баялаг нэмэгдэнэ, бас оюун ухаан нь өөрөө үндэстний хамгийн үнэт баялаг билээ.
Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэж монголын ард түмэн сургасан. Тэгэхлээр хүн бүр адилгүй юм чинь хүмүүсийн нийтлэг болох үндэстэн болгон адилгүй байх нь ойлгомжтой билээ, үүнийг эрдэмтэд нотолж байна. Оюун мэдээллийн шинэ эринд үндэстнүүд оюун ухаанаараа уралдаж, оюун тархи булаацалдах хүчтэй өрсөлдөөнд оров. IQ өндөртэй үр хүүхэдтэй болох гэж эцэг эхчүүд санааширна, IQ өндөртэй суралцагч олох гэж сургуулиуд үзэлцэнэ, IQ өндөртэй ажилтан авах гэж компаниуд арцалдана, IQ өндөртэй иргэдтэй болох гэж засгийн газрууд тэмцэлдэнэ, IQ-гээ өсгөх гэж хүн бүр тэмүүлнэ. |