Тамд байдаг монголчуудын тогоо манаачгүй байдаг нь латерал сэтгэлгээнд суралцаагүйнх . . .
Проф Ц.Дэмбэрэл Зууны мэдээ 2003. 01. 18 ¹ 15 (1213)
Монгол орноо хөгжүүлье гэж хүн бүр санаа бодлоо уралдуулж , аль байдаг, чаддаг бүхнээ шавхаж байна. Ард түмэн нуруу тэнийхгүй шахам хөдөлмөрлөж , улс төрчид маань чөмгөө дундартал зүтгэж байна, гэтэл эцсийн бодит үр дүн санаанд хүрэхгүй байх юм. Энэ юуных бол. Энэ бол монгол хүнд латерал сэтгэлгээ дутагдсаных . Гадаадынхан та бидний тухайд дараах зүйлийг хэлдэг байх юм, “ Тамд байдаг монголчуудын тогоо манаачгүй байдаг. Учир нь тэд өөрсдөө өөрсдийгөө татаад унагачихдаг хүмүүс, тэдний дунд жижигхэн яс хаячихад л гүйцээ, хоорондоо өширхөн зодолдоод насаа бардаг харалмарууд “. Энэ үнэн бол юунаас үүдэлтэй вэ. Энэ бол та бид ЛАТЕРАЛ сэтгэлгээнд суралцаж амжаагүйнх Монгол улс хоёр хөрштэйгээ ч, холын садантайгаа ч сайн харилцаатай байх нь ерөөсөө зүй тогтол баймаар санагдана. Гэтэл улс төрийн намууд маань хөрш болоод садангуудаа хаа гуяар нь хуваан авсан бололтой. Энэ нь минийх, тэр нь танайх гэж булаацалдан бусдын доог болох юм. Ийм улс төр гэж байх ёсгүй дээ. Энэ юуных вэ. Энэ бол монголын улс төрийн намууд ЛАТЕРАЛ сэтгэлгээний хомсдолд өртсөнийх. Улс төрийн намууд «чи, би»-дээ тулан тэмцэлдэж, би засгийн эрхэнд орчихвол энэ орныг чинь дөрөвхөн жилийн дотор унасан шавраас нь гаргаад бүр цааш нь бар, луу болгочихно гэх юм. Гэтэл арван хоёр жил болоход бар, лууны бараа тасрав , Энэ юуных вэ. Энэ бол манай улс төрчид ЛАТЕРАЛ сэтгэлгээний CORT курсэд хамрагдаагүйнх Монголчууд бид олон зуун жилийн урт түүхтэй, бүтээж өвлүүлж ирсэн өвөг дээдэстэй хүмүүс. Гэтэл тэдний маань өвлүүлсэн эд юмс, эрдэм ном хаачив, яахаараа өвөг дээдсийнхээ өгсөнийг өөд нь татаад авсангүй вэ. Яалаа гэж тэднийхээ бүтээснийг бүрэлгэн устгав. Yр хүүхэд маань бас иймолох вий. Тэгвэл та бид өнөөдөр ингэтлээ зүтгэхийн хэрэг байна уу. Олон түмэн яагаад ийм хачин, үрэлгэн болдог вэ. Энэ бол ард олныг ЛАТЕРАЛ сэтгэлгээнд сургаагүйнх. Монгол хүүхэд багын сэргэлэн цовоо л доо, гагцхүү энэ онцгой зан нь бүтээх талдаа бус бүрэлгэх талдаа илүүтэй тодордог. Гар хөлөөрөө заавал нэг юмыг эвдэж өшиглөж, эрэг шургийг хүртэл салгаж ялгаж байдаг. Гэтэл япон хүүхэд шал өөр. Гурван настай монгол, япон хоёр хүүхдийн эцэг, төрийн түшмэл нэгэн вээр гадаадад сарын томилолтоор явжээ гэе. Монгол хүүхэд тийм, ийм тоглоом надад авчраарай гэж эцэгтээ захина. Бас хувцас хунар , бүр хэтрээд хоол ч захиж мэднэ. Эх нь түүнийг нь өөгшүүлэн турхирна. Өөрөө бас гархи, чулуу хавчуулна, ирсэнийх нь дараа бэлэг, ээмэг бөгжний бөөн үг хэл. Гэтэл япон хүүхэд шал өөр, “ ... аав та ажлаа л сайн хийгээрэй, ядруузай, ээж бид хоёрт бэлэг сэлт хайж, хурал семинараасаа оргон дэлгүүр хэсүүзэй, төрийн ажил цалгардаж эх орны маань нэр нүүр хэцүүднэ” гэдэг байх юм. Ялгаа байгаа биз? Энэ жишээг япон хүүхдэд ЛАТЕРАЛ сэтгэлгээ төлөвшүүлдэг зуны сургуулийн нэгэн сурах бичгээс авлаа. Яагаад монгол, япон хоёр хүүхдийн сэтгэлгээний бүтээлч байдал ингэтлээ эрс өөр байна вэ. Энэ бол монгол хүүхэд төрөлхийн бүтээлч бус араншинтайд бус, эцэг эхчүүд та бид хүүхдээ багаас нь зөнд нь хаяж, сэтгэлгээнийх нь амьтанлаг араншинг өдөөн турхирдаг, тэднийгээ латерал сэтгэлгээний хичээлд хамруулаагүй орхисноос эх үүсвэртэй юм. Гурван настай энэ хүүхэд найман нас хүрч сургуульд оров. Багш нь энэ сурагчийг номхон бай, хөдөлж үл болно, миний заасныг яг давтан хэлээрэй, тэгвэл онц тавина, Миний үгнээс зөрөв, тэгвэл арга хэмжээ авна хэмээн сургамжилна. Хичээл дээр аливаа асуудалд олон талаас нь хандах, сурагч, оюутнууд өөрийнхөө санаа бодлыг хэлэх, түүнийгээ хамгаалах нь хориотой. Yүний үр нөлөөгөөр манай багачууд жинхэнээсээ тоть шувуу болдог. Хэдий чинээ сайн тоть болнов, дээд боловсролтой болох магадлал нь төдий чинээ нэмэгддэг. Төгсөлтийн болон элсэлтийн шалгалт үүнд бүрэн үйлчилж байна. Монголын боловсрол нь хүнийг хүн бус шувуу болгодог байна. Яагаад ийм гунигтай байдал үүсэв. Энэ бол монголын аль ч шатны сургуульд одоо болтол латерал сэтгэлгээний хичээл албан ёсоор ордоггүйтэй холбоотой юм. Энэ ялдамд латерал сэтгэлгээний CORT курсыг 2001 оноос Хан-Уул дээд сургуульд зааж байгааг тэмдэглэе. Монголоор дүүрэн эрдэмтэн, энгэрээр нь дүүрэн одон тэмдэг, их гавъяа байгуулсан бололтой юмаа янз нь. Төр, засаг аль байдгаараа л дэмжих юм. Харамсалтай нь хариу нь гардаггүй ээ. Судлаад л байдаг, судлаад л байдаг, дуусдаггүй, дууссан нэг нь төрдөө том гээчийн хавтас атгуулчихна, болоо. Хэрэггүй тайлан, хэсэг цоохор цаасыг үр дүн гэх үү. Учрыг асуухаар, шинжлэх ухаанд зориулсан хөрөнгө багадсанаас ийм болов гэж онолддог. Гэтэл заавал их хөрөнгө зарж байж л үр дүнд хүрнэ гэсэн онол таарахгүй байна. Тэгэхлээр энэ тайлбар нь өөрийгөө хамгаалах арга л юм шиг. Хоёр тэрбум төгрөгийг хөдөлгөж чадахгүй байж 200 тэрбумыг эргүүлэх юм гэнэ. Ёстой гайгүй байлгүй, юунд тэгж худал хэлнэ вэ. Түүний оронд үнэнээ хүлээвэл зохино, Манай эрдэмтдийг бүтээлч сэтгэлгээний хомсдол хэмээх аюулт өвчин нэлэнхүйд нь нэрвэчихээд хэцүүдэж байна. Энэ өвчинд нэрвэгдсэн судлаач нь бүтээдэггүй, бүрэлгэдэг болдог ажгуу. Иймд эхлээд эрдэмтдийгээ энэ муухай өвчнөөс салгая. Салгах арга нь тэднийг бүтээлч сэтгэлгээнд сургах, үүний тулд бүх докторуудыг латерал сэтгэлгээний CORT курсэд албадан суулгаад тун шударга шалгаад, унасныг нь цомхотгоод. . . Түүний дараа л төсөл зарлая. Бүтээлч бус сэтгэлгээтэй хүнд ард түмний хөрөнгөнөөс төслийн нэрээр төгрөг атгуулах нь ёроолгүй саванд сүү юүлэхтэй агаар нэгэн бусуу. Аливаа юмс үзэгдэл ямагт цогц шинжтэй, олон талтай, бусадтайгаа шүтэн барилдахуйн хэлхээ холбоонд оршин байдаг. Yүнийг гүн ухаанд учир шалтгааны номлолоор тайлбарладаг. Юмс үзэгдлийг аль өнцгөөс нь яаж харах вэ? гэдэгт их учир бий. Зөвхөн нэг өнцгөөс нь харчихаад түүнийгээ туйлын үнэн мэтээр хүлээн авах нь өрөөсгөл дүгнэлтэд хүргэдэг байна. Эртний Энэтхэг орноо арваад сохор амьдран суудаг байжээ. Тэд нэг өдөр цуглан цэц ухаанаа сорьж гэнэ. Зааныг тал талаас нь тэмтрэн үзжээ. Нэг нь энэ бол банз гэв. Тэрээр зааны гуяыг тэмтэрсэн ажгуу. Нөгөөх нь энэ бол олс гэв, бодвол хошууг нь тэмтэрсэн биз. Энэ мэтээр хүн бүр өөр өөрөөр таажээ. Улмаар ганцхан минийх л зөв хэмээн хоорондоо маргалдан, зодолдож нэр нүүрээ барсан гэдэг. Бидний монголчууд энэ хэдэн сохроос ялгагдах юмгүй байх шиг ... Арга ч үгүй биз, латерал сэтгэлгээнд суралцаагүй юм чинь... Монголчууд та бидний ажил үйлс нэг л явц муутай байх юм. Хүн алдаж болно. Дандаа ононо гэж хаана байх билээ. Гол нь алдаагаа дахин давтахгүй байх л чухал, үүний тулд алдаанаасаа сайтар суралцах учиртай. Харамсалтайнь та бид алдаанаасаа сурахын оронд алдсан хүнийг олж шийтгэх нөр их ажилтай болжээ. Онцлог нь тэр этгээд нь өөрөө биш ямагт өрөөл бусад байдаг. Буруутанг хайгаад л байна, хайгаад л байна, бүр олдохгүй бол байгаль, газар, цаг агаар руу чихчихнэ. Өөрөө болохоор ямарч алдаагүй, өө сэвгүй цэвэрхэн хүмүүс болчихно. Хүмүүс нь алддаггүй юм бол яагаад ажил нь ахицгүй байна вэ. Энэ бол хүн бүрийг, иргэн бүрийг латерал сэтгэлгээнд сургахын шаардлага. Монгол хүн унаган багаасаа хээр гадаа төрж үрждэг, талын сэтгэлгээтэй. Ер нь л хээрийн амьтан, хаашаа ч хамаагүй хандсан зүг рүүгээ хатируулж одно, Шувуун саарлын туурайнаас гал маналзана, Сүрэнхүүгийн цээжнээс салхи манарна... Гэтэл цаг эргэлээ. Хөдөөнөөс хотруу чиглэсэн их нүүдэл эхэллээ,... Сүрэнхүү хот газар бараадав, иргэншсэн хүн болов. Адуучин Сүрэнхүү малтай харилцдаг байсан бол тэрэгчин Сүрэнхүү хүнтэй харилцдаг болов. Тэрээр хандсан зүг рүүгээ ташуурдах бус хажуудах хүнийхээ аясыг дагахад хүрэв. Хуучнаараа сэтгэж, хөдөлж болохгүй болов. Талын сэтгэлгээг хотын сэтгэлгээ болгон өргөжүүлэх шаардлагтай тулгарав. Хөдөөгийн эрмэг догшин араншингаа хотын эелдэг дөлгөөн харьцаагаар баяжуулахаас өөр гарцгүй болжээ. Мань эр латерал сэтгэлгээний ном сугавчилчихсан CORT-ын хичээл рүү харайлгаж явна… Сүрэнхүүдээ баяр хүргэе. Монгол улс даяаршлагдаж, та бид орон дэлхийгээр аялж, өндөр хөгжилтэй орны ихэмсэг, эмзэг хүмүүстэй нүүр тулан уулзаж, ажил төрөл ярилцах, тэднийг урьж аялуулж жуулчлуулах болов. Ийм үед та бидний бусадтай харилцдаг сэтгэлгээний уламжлалт арга барил гологдон гадуурхагдаж байна. Энэ нь толгой дохихоос эхлээд л юм юман дээр тодорно. Арга ч үгүй биз. Нэг чиглэлтэй, ганц хувилбартай, түүнийгээ шууд тулгадаг вертикал сэтгэлгээ нь /монгол хүн вертикал сэтгэдэг/ олон чиглэлтэй, цөөн бус хувилбартай, нөхцлүүдийг шавхдаг латерал сэтгэлгээнд гологдох нь зүй юм. Yүнээс гарах арга зам тодорхой байна. Тэд бидэнд зохицох бус, бид тэдэнд зохицох ёстой, учир гэвэл вертикал сэтгэлгээ нь явцуу бөгөөд шугаман бол латерал сэтгэлгээ нь өргөн бөгөөд шугаман бус билээ. Тодруулбал, латерал сэтгэлгээний тухайн нэг л тохиолдол нь вертикал сэтгэлгээ бөлгөө. Эдүгээ цагт ганц хүний хийдэг юм, цөөн хүний бүтээдэг үйл гэж бараг алга болжээ. Олуулаа нийлж олны хүчээр урагшилдаг болов. Гэтэл манайхан болохоор тун өөр. Эхлээд л хашаа хороогоо бариад өөрийгөө бусдаасаатусгаарлан хавхдаад авна. Цаашаа хараад л ганцаараа ум хумгүй зүтгээд байдаг, үр дүн бага, бие нь туйлдаж гүйцнэ. Тэгээд л бусадруугаа агсарч гарна даа. Уг нь олуулаа тал талаасаа хүч аргаа нийлүүлсэн бол амархаан бүтчих юм шүү дээ. Нэг хүнээс багахан хүч гаргаад л болчих юманд юунд тэгтлээ өөрийгөө зовооно вэ. Ганцаараа дэлхийг эзэгнэнэ гэж бодоогүй баймаар. Энэ нь мэдээж хэрэг, жалга дов даган тус тусдаа аж төрж, зөвхөн өөрийгөө бөөцийлж амиа аргацааж ирсний сүүдэр байх л даа. Улс гэр маань намуудад, намууд нь бүлэглэлүүдэд хуваагджээ. Бүлэглэл нь дотроо бас задарна гээч. Залуучуудын төдийгүй оюутнуудын байгууллагууд ийм болов. Тэд ном уншихын оронд намчирхан талцаж, хэрэлдэж суудаг боллоо. Ингэж ч хөгжихгүйдээ. Салж сарних бус, нийлж нэгдэж байж хөгжинө. Монгол хүнийг энэ өвөрмөц араншингаас нь салгая гэвэл хий хоосон уриалах бус биетэй бодитой ажил хийх ёстой. Уриа лоозонгоор улс гэрээ төвхнүүлэх гэж цаг алдаж хөрөнгө урсгадаг хуучинсаг сэтгэлгээнээсээ салмаар байна. Одоо тэгээд яавал дээр бол. Ямар ч гэсэн та латерал сэтгэлгээний хичээлд суугаад үз. Төрийн ордноосоо эхлээд ТҮЦ мухлагийнхан хүртэл бүгдээрээ бүтээлч сэтгэлгээ төлөвшүүлдэг CORT курсэд хамрагдъя. Тэгвэл байдал эрхбиш дээрдэнэ. Ядаж л аливаад туйлшран туйлдаг омголон догшин зангаа хазаарладаг болно. Бусдын сүүдрийг бус гэрлийг нь олж харахад суралцана. Хүн бүрт гэрэл гэгээ байдаг юм шүү, гагцхүү түүнийг нь олж харах л чухал. Та бид бие биенийхээ сайн талыг олж харж чадвал тэр талаараа нэгдэж нийлнэ, хагарсан ан цав ард хоцорно. Энэ л эцсийн дүндээ монголын хөгжлийн тулгуур хүчин зүйл мөнөөсөө мөн гэдэгт эргэлзэх юун. |