Хайлт:    
 


Oюун ухааны тестүүдийн талаарх алдаатай ойлголтууд

Оюун ухааны тестүүд нь зөвхөн (IQ тест г.м) хүний төрөлхийн оюуны чадварыг хэмждэг
-IQ тест нь дан ганц төрөлхийн оюуны чадварыг хэмждэггүй. Харин хувь хүний орчин тойронтойгоо олон талт харилцаанд орох тэр зүйл дээр суурилдаг.

Тестийг хэд хэдэн удаа бөглөөд л өндөр оноо авч болдог
- Тестийг 2-3 удаа бөглөөд оноо нь өмнөхөөсөө 5-7 нэгжээр нэмэгдэж болно. Тесттэй ажиллах ерөнхий болон бодлого,  дасгалыг бодох дадал суух, тест бөглөх аргаа олох, хуучин танил зүйлээ хийж байгаа учраас  тулгамдах сандрах явдал арилах зэрэгтэй холбоотой. Харин тестүүдтэй 20, 30 удаа ажиллаа гэхэд оноо 1-2 нэгжээр л өснө. Цаашлаад оноо өсөх магадлал бараг тэгтэй тэнцэнэ. Тестэнд өндөр оноо авах ганц л арга байдаг. Тэр нь өөрийнхөө оюун ухааныг хөгжүүлэх явдал юм.

 IQ оноо хувирашгүй, хэзээ ч үл өөрчлөгддөг
-Худлаа. IQ нь хөгжлийн тодорхой явцад өөрчлөгддөг. Ялангуяа 0-5 насанд маш эрчимтэй өөрчлөгддөг. Түүгээр ч үл барам насанд хүрсэн хүнд IQ-гаа тогтмол өсгөх боломж бий.

Оюун ухааны тестүүд 100% үнэн оноог гаргадаг
-Yгүй. Ихэнх шалгарсан тестүүдийн үнэн байх магадлал нь 92% орчим байдаг. Мөн нөгөө талаар “таны IQ оноо 98-103 ийн хооронд 95% магадлалтайгаар гарлаа” гэж хэлдэг.

Оюун ухааны нэг л тест хүний бүх чадварыг хэмждэг
-Тест бүр төрлөөсөө хамаарч өөр өөр байдаг. Зарим тестүүд вербал юмуу вербал бус оюуны чадварыг хэмждэг. Зөвхөн бүтээлч чадварыг хэмждэг тестийн хувьд логик сэтгэлгээ, ой тогтоолтыг хэмждэггүй. Харин IQ тестийн хувьд хүний 4-5 гол чадварыг хэмжиж, нийлбэр үр дүнгээр нь хүний оюуны чадварыг хэмждэг.

Бүх оюун ухааны тестүүд нэг ижил зүйлийг хэмжээд байдаг
-Хэдийгээр бүх оюун ухааны тестүүдийн хоорондоох эерэг хамаарал нь маш өндөр боловч ялгаатай тестүүд ялгаатай чадваруудыг л хэмждэг. Гэхдээ дээрхээс оюуны олон чадваруудыг хэмждэг нэг тест байдаггүй гэсэн дүгнэлт гарахгүй.

IQ тестийг барууны орнуудад ашиглахаа больсон гэсэн
-Yгүй. АНУ-ын зарим мужуудад мөрдөж буй эрх зүйн актуудаар ажил горилогчоос IQ тест авсан тохиолдолд тухайн тестийн оноог ажилд авах шийдвэр гаргахдаа хязгаартай ашиглах талаар тусгасан байдаг. Мөн тус улсын хар арьст иргэдийн IQ оноог (АНУ-ын хар арьстнуудын дундаж IQ=85, цагаан арьстнуудын дундаж IQ=100) зарим нэг боловсролын үнэлгээ, дүгнэлтэд ашиглахгүй байх тухай журам, хязгаарлатууд байдаг. 1990-ээд оноос томоохон корпораци, компаниуд IQ тестээс илүү нарийн, хүнд тестүүдийг ашиглах болсон. Тухайлбал төрөл бүрийн чадварын тест, ажил мэргэжлийн тест, зөвхөн банк санхүүгийн ажилтны тест, програм хангамжийн ажилтны тест гэх мэтийн хоёр зуугаас хол давсан асуулттай, олон хэсэг бүхий цогц тестүүд авдаг болсон. Дээрх болон бусад шалтгаануудын улмаас тестийг ашиглахгүй байгаа гэсэн ойлголт түгээмэл байдаг.   

IQ тест нь янз бүрийн тестүүдийн холимог байдаг
-Оюун ухааны тестүүдийн хооронд ижил зүйл их байдаг. Гэхдээ IQ тест нь холимог бүрдэлтэй тест биш юм. Ялангуяа боловсролын болон амжилтын тестүүдээс стандарт хазайлтаараа өөр байдаг.    



Уншигч танд анхааруулах нэг зүйл бол гадуур байдаг тестүүдийн хэр зэрэг үнэн зөв, бодитой байдаг талаарх асуудал юм. Өнөөгийн байдлаар интернет, ном хэвлэд хэдэн мянган IQ тестүүд хэвлэгдэж гарсан байдаг. Эдгээрийн ихэнх нь дутуу боловсруулагдсан, туршилтаар батлагдаагүй, IQ-г буруу тогтоодог, онолын үндэслэл багатай байдаг. Учир нь стандарт тестийг гаргаж авахын тулд нэлээд хэмжээний хөрөнгө, цаг хугацаа, судалгаа, олон тооны оролцогчийг шаарддаг.
Интернет дэх зарим тестүүд хүний IQ-г хэт өндөр тогтоох, ямагт 100-аас дээш оноо гаргадаг бөгөөд энэ бүгд нь хүний сэтгэлзүй дээр тоглосон, бизнесийн зорилготой байдаг. Заримдаа үнэнээс хэт доогуур тотоох явдал бий. Энэ нь дагалдах бүтээгдэхүүнээ санал болгох зорилготой байх нь элбэг.







Хүний IQ-г үнэн зөв тогтоодог, хүлээн зөвшөөрөгдсөн стандарт тестүүд:
•    Станфорд-Бинегийн тест (IV-түвшин)
•    Векслерийн тест (III-түвшин)
•    Оюун ухаан суралцах чадварын тест (SOI-LA)
•    Олон улсын менса байгууллагын тест (вербал бус тест)
•    Улс орнуудын стандарт тест. (1980 он гэхэд дэлхийн 70 гаруй орон хүн амынхаа оюуны илтгэцүүрийг тогтоосон байна. Эдгээрийн дийлэнх нь АНУ, Англид батлагдсан стандарт тестийг давхар ашиглаж үндэстний оюуны чадвараа тогтоожээ. Жишээлбэл АНУ 1914, 1932, 1972 онуудад стандарт тестээр (англи-саксон гаралтай 10000 оролцогчтой тестийн ашиглаж) мөн Станфорд-Бинегийн  тестээр, Хятадууд Занг(Zhang)-ийн, Векслерийн болон шанхайн хүрээлэнгийн тестээр 1974 оноос хойш 4 удаа, Япончууд 1951 оноос Векслерийн болон Киотогийн төвийн, Сендайгийн стандарт тестээр 5 удаа тус тус тогтоож байжээ.