Хайлт:    
 


                 Бүтээлч сэтгэлгээ


“Ирээдүйг урьдчилан хэлэх шилдэг арга
бол түүнийг бүтээх явдал юм.”    Роберг Тинер.

Бүтээлч сэтгэлгээний  суурь шинж чанар
Бүтээлчээр сэтгэн шинэ сэдлүүд үүсгэсний үр дүнд дэлхий дээрх бүх дэвшилттэй эд зүйлс, технологи, менежмент, тээвэр холбоо гээд л тоо томошгүй олон зүйл буй болсон. Шинэ нээлт хийх, санаачлага гаргахын гол арга зам нь бүтээлч байдал юм. Энэ арга замаар зориж буй бид авъяас хичээл зүтгэлээ гамгүй дайчлах хэрэгтэй. Бүх талаараа асар хурдан өөрчлөгдөж байгаа дэлхий дээр урьдынхаасаа илүүтэйгээр бүтээлч байхыг шаардаж байна.
Бүтээлч байх суурь шинжийг дурдвал:
•    Шинэ санаанууд  үйлдвэрлэдэг
•    Аугаа том мөрөөдөл, зөн билгийг эрэлхийлдэг
•    Оюун ухаандаа зарим зүйлсийг шинээр хийх  эерэг хандлагатай
•    Чадвар, мэдэлгээ ашиглан шинэ арга замд хүрсэн үр дүнг үнэлдэг
•    Ер бусын гэмээр зүйлийг ерийн болгодог.
•    Хуучныг хооронд нь дахин холбож  зарим зүйлийг өөрөөр шинээр би болгодог
•    Санаа сэдэхдээ хуучин сэтгэлгээг хойш тавьж чөлөөтэй байдлыг би болгодог
•    Уламжлалт ба дадал болсон сэтгэх аргаас зугтдаг гэх мэт...
Хүмүүс өөрсдийн амьдралаа хөнгөн, аятайхан, аюулгүй, эрүүл, сонирхолтой болгохын тулд тасралтгүй шинэ шинэ зүйлийг бүтээсээр ирсэн бөгөөд үргэлжлүүлэн бүтээсээр байгаа билээ.Үүнийг л бүтээлч сэтгэлгээ гэж хэлж болно. Олон мянган жилийн өмнө хурц иртэй чулуунд модон иш хийж анхны чулуун сүх бүтээсэн, хиймэл дагуул хөөргөсөн г.м бүгд л бүтээлч сэтгэлгээний үр дүн юм.

Бvтээлч сэтгэлгээний хомсдол

Проф Ц.Дэмбэрэл.

 Хүний оюун ухааны төрөлхийн заяагдмал шинж чанаруудад өөрчлөлт орсноор уураг тархи нь мэдээллийг ялгахгүйд хүрч, гадны хогон мэдээллийг үржүүлэгч болон хувирч, бүтээлчээр сэтгэх чадвараа алдах үйл явцыг «бүтээлч сэтгэлгээний хомсдол» гэнэ. Дэлгэрэнгүй бичвэл «Бүтээлч сэтгэлгээний олдмол дутмагшлын хам шинж» товчоор «БОХ».
Би ийм өвчинд нэрвэгдсэн олон хүнийг танина, тэднийг БОДХАНЖ -нэг, хоёр, гурав гэх мэтчилэн дугаарлан нэрлэе. Бодханж нь «бүтээлч сэтгэлгээний олдмол дутмагшлын хам шинж»-ээс үүсгэсэн нэр үг.
Бодханж-1 гуай эдүгээ нас сүүдэр 60 гарсан бөгөөд «БОХ» өвчний нянг он удаан тээж буй ясны архаг өвчтөний бүртгэлд оржээ. Бодханж-1, багаасаа багшийн заасныг яг үсэгчлэн цээжлээд буцаан хэлдэг томоотой тоть болсоны хүчээр ЕБС-ийг гайгүй дүнтэй төгсөж их сургуульд элссэн, дараа нь их сургуулиа амжилттай дүүргэхийн тулд профессорын хэлснийг яг дагаж донгоддог уран хөхөө болсон, үр дүн нь ч гарч тэрээр их сургуульдаа багшаар үлдсэн, тэгээд дэд эрдэмтэн болохын тулд нэгэн жүүдийн бичсэн зохиолыг үг үсэг алдалгүй арваад жил хуулсан, дараа нь докторын зэргийг уржнан хойно хамгаалсан, чаддаг юм нь үр нөлөөгүй зэрэг цол хамгаалах, өрөөлд түүнийгээ бэлэглэх . . .
Бодханж-2 нь нас 50, төрийн өндөр албыг олон жил хашиж, засгийн ордон дотор насаа элээж буй хүн. Тэрээр сайн хүн үү гэвэл аргагүй «сайн» хүн, үг хэл гаргахгүй, нам төрийн бодлогыг л сурталчилна, үе үе гоё нэртэй хурлуудыг зохион байгуулж дээд даргаасаа оноо авна, элдвийн ой тэмдэглэх, хүмүүсийг одон медальд тодорхойлох хообийтой, үүндээ гаршсан гэдэг нь жигтэйхэн, түүнийг төрийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах арга ухааны мастер гэхэд буруудахгүй.
Бодханж-3 бол өмнөхөөс арай өөр, эдүгээ 40 шүргэж яваа, хамгийн сайн чаддаг юм нь бусдыг уруу татаж үймүүлэх, түүндээ сүүлийн арав гаруй жил гаршин «дээд мэргэжлийн улс төрч» болсон, одоо нэгэн улс төрчийн хормой дор хярчихсан нөгөө нам руу нь чулуу шиддэг ажилтай. Тэрээр бүтээхийг бус бүрэлгэхийг уриалдаг хүн.
Бодханж-4 нь нас 30, их сургууль төгссөн, бас магистр хамгаалсан, уг нь сайн охин л доо, даанч мэдсэнээ ашиглах чадвараар дэндүү сул, одоо ажилгүй, нөхөргүй.
Бодханжуудыг би вээр манай өнөөгийн сэхээтний нийтлэг дүр төрх гэж яаран дүгнэмээргүй байна, харин бага бус хувийн жинтэй тодорхой хэсгийн төлөөлөл гэвэл онох биз. Асуудлын гол нь Бодханжид байгаа юм биш, асуудлын гол нь хүнийг Бодханж болгож буй, түүнийгээ өмгөөлөн хамгаалж тэтгэж буй тогтолцоонд байгаа юм. Бодханжууд бол манай нийгмийн биет бүтээгдэхүүн мөнөөсөө мөн, ийм бүтээгдэхүүний тoo сүүлийн жилүүдэд олширсон уу гэхээс цөөрөөгүй ээ.
Монголын боловсрол нь оюун ухаан, сэтгэлгээг олон жилийн туршид үл хэрэгсэж, хиймэл дүр бүхий хоосон мэдээллийг шүтэж, үзэл суртлын золиос болж, хөндий цээжлүүлэх сургалтын хоцрогдсон технологийг ягштал мөрдсөний уршгаар төгсөгчдийнх нь оюун ухаан царцанги болж сэтгэлгээнийх нь бүтээлч чадвар хомсдолд өртсөн байна.
Монголын нийгэм өөрчлөлт шилжилтийн ирмүүн үедээ байна, харамсалтай нь энэхүү шинэчлэл маань төдийлэн ахиц дэвшилд хүрэхгүй байгаа төдийгүй зарим чиглэлээр ухрах төлвийг оллоо, яагаад ийм болов гэдгийг хүн бүр өөрөө өөрөөсөө асуух ёстой, өөрөө өөрсдийгөө шүүж дүгнэх ёстой, миний ойлгосноор: нийгмийн шинэчлэл гэдэг нь гойд адармаатай, маш гүнзгий, түүнд хэлбэрдэх төдийгөөр өнгөц хандвал эцсийн үр дагавар нь cөpөг болж мэдэх, ерөөсөө өөрчлөлт гэдэг нь явж явж эцэстээ хүн дээр очиж тулдаг, хүнийг өөрчлөнө гэдэг нь хүний сэтгэлгээг өөрчлөхийг хэлдэг, нэн ялангуяа манай орны хувьд давын өмнө бүтээлч сэтгэлгээний өөрчлөлт гойд чухлаар шаардагдаж байгаа бөгөөд энэ ажил нь боловсролын шинэчлэлээр эхлэж шатлан гүнзгийрэх ёстой, ингэхлээр монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэл гэдэг нь ихээхэн тэвчээр, олон жилийн шургуу ажиллагаа шаардсан тасралтгүй үргэлжлэх үйл явц байх нь ээ
Сэтгэлгээний шинэчлэл рүү ойртохын тулд юуны өмнө одоогийн төлөв байдлаа тун ултай оношлох ёстой, хамгийн чухал нь «Бүтээлч сэтгэлгээний хомсдол»-оос гарах арга замыг сайтар тунгаан бодох учиртай. Ямар ч гэлээ эхлээд манай нийгэм энэ аюултай өвчинд нилэнхүйдээ яггүй гүнзгий нэрвэгдсэн гэдэг үнэнийг ил тод хэлж сурцгаая, түүнд боловсролын одоогийн академик шинжтэй хийсвэр сургалт шууд нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрье, өвчнийхөө оношийг өвчтөн өөрөө мэдэх нь эмчлэхэд дэм тус болдог гэдэг утгаар үүнийг ил тод хэлж байна. Энэ өвчнийг анагаах арга нь боловсролын шинэчлэлтэй гойд холбогдоно.
«БОХ» өвчнийг эсэргүүцэх сэтгэлгээний дархлаа уг нь хүн бүрт бий нь бий, хүүхэд багадаа их оролдомтгой, юм юмыг шинээр өөрөө хийх сонирхолтой, бүтээлч чадвартай, өөрийгөө зөвтгөх зөнтэй, зөрүүд зантай, мөрөөдөмтгий байх бөгөөд залуудаа гал халуун сэтгэлтэй зоригтой зүрхтэй байдаг, харин нас ахих тусам энэ чанараа гээж дархлаа нь буурдаг. Бүтээлч сэтгэлгээний дархлаагаа аль болох удаан хадгалахыг хүн бүр эрмэлзэх учиртай, үүнд нь боловсрол дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, монголын боловсрол энэ үүргээ биелүүлж чадаж байгаа бол уу?, Бодханжуудын бүтээлч сэтгэлгээний дархлаа яагаад тэгтлээ эрт, бага залууд нь буурав?
Бүтээлч сэтгэлгээний хомсдол нь удамших аюултай гэж сэтгэл зүйчид үздэг байх юм, учир нь өрхийн эзэн ийм өвчтэй бол тэрээр үр хүүхдээ өөрийн энэ муухай замаар оруулах гэж ихэд мэрийдэг, хүүхдүүд учир мэдэхгүй болохоор эцэг эхийн энэ байдал нь тэдэнд таалагдаж, ийм замаар «БОХ» өвчин удамшина. Энэ өвчин бас халдвартай, хамт ажиллагсадын дотор нэг ийм өөдгүй хүн байхад л бусаддаа хүчтэй нөлөөлнө, ялангуяа багш нар энэ өвчнөөр өвдвөл сурагч оюутандаа халдаах магадлал ихтэй. Бүтээлч сэтгэл-гээний СОRТкурсэд хамрагдаагүй, багаасаа «Оюуны хөгжил-IQ» хичээлээс хол хөндий байсан хүмүүсийн сэтгэлгээ энэ аюултай өвчний нянг ямарч эсэргүүцэлгүйгээр шууд хүлээн авдаг байна, яагаад гэвэл, тэдний уураг тархинд буй дархлалын эсүүд нь унтаахай төлөвт орсон байдаг ажээ.
Хүний бүтээлч сэтгэлгээ хомсдох өвчин 1870-аад оны үеэс анх мэдрэгдсэн байна. Тэгмэгц барууны орнууд боловсролоо элитийн ба массын гэж хоёр хуваагаад элитийн боловсролыг академик руу, массын боловсролыг прагматизм руу хандуулж, ингэснээр нийгмийнхээ хөгжлийг цөөнх нь чиглүүлж, араас нь олонхи масс нь дэмждэг тогтолцоонд шилжиж чадсан байна. Харин энэ хугацаанд колони болон буурай хөгжилтэй орнууд .ялангуяа ЗХУ-ын хараанд байсан Монгол мэтийн цөөн улс хийсвэр, бүтээлч бус боловсролыг хавтгайд нь хөгжүүлж, энэ нь эргээд улс орных нь эдийн засгийн хөгжлийг нь чөдөрлөн тушжээ.
1960-аад оноос барууны орнуудад’прагматик боловсролын дутагдал хурцаар илрэх болов, тэр нь оюутан сурагчдын сэтгэлгээний оюунлаг тал хоцрогдож байгаагаар мэдэгдсэн байна. Yүнийг прагматизмаас эхтэй бүтээлч сэтгэлгээний хомсдол гэх бөгөөд тэдгээр улсад ихээхэн газар авчээ. Прагматизмээс эхтэй «БОХ» (товчилсон тэмдэглэл нь П-БОХ), академикээс үүдэлтэй «БОХ»-ын (А-БОХ) хооронд зарим ялгаа бий. Тухайлбал, манай Бодханж-1,2,3 нар нь А-БОХ ын вирус тээгч, тэд өдөржингөө ярьсан ч эцэхгүй, яриад л, ухуулаад л, онолдоод л байж чадна. Гэтэл Бодханж-2-н дүү Подханж нь бүр өөр. Подханж нь 70-аад онд ТМС төгссөн, барилгын ажилд морь нохой мэт зүтгэсний буянаар, бас ахын дэмжлэгээр олон том одонтой болсон ч зүүх биеэ барж, эдүгээ хэвтэрт, тэгээд ч чаддаг юм нь ганцхан шавар зуурах, тэгэхдээ зөвхөн хүрзээр шүү, ингэхлээр монголд ч гэсэн П-БОХ-ын вирус тээгч бас байх шиг. Монголд газар авсан нь А-БОХ, баруунд газар авсан нь П-БОХ. Энэ тухайд XIV Далай лам Данзанжамц вээр «Манай боловсролын тогтолцоо бүхэлдээ хоцорчээ. Бүх юм бидний санаж бодсоноос өөрөөр эргэж хараа хяналтаас гарч байна» гэсэн билээ.
Бүтээлч сэтгэлгээний хомсдол «БОХ»-ын эсрэг вакцин хийх гэж эрдэмтэд олон жил шургуу ажилласны ачаар 1970-аад онд түүний нэг хувилбарыг олж CORT хэмээн нэрлэжээ. CORT-ыг монголоор Оюун ухааны хүрээлэн гэж орчуулав. CORT-ыг нээсэн эрдэмтэнийг Эдвард де Боно гэдэг, тэрээр дэлхийн түвшинд нэр нь цуурайтсан профессор бөгөөд эдүгээ алдарт Кембрижийн их сургуулийн дэргэдэх «Сэтгэлгээний ур чадварын төв»-ийг тэргүүлдэг. Кембрижийн их сургууль нь хүний оюун сэтгэлгээг гойд үнэлдэг газар л даа.
Энэ зуны тухайд Эдвард де Боногийн бие төлөөлөгч Питр де Боно БНХАУ-д хоёр cap ажиллав. Манай улсаас «Монгол улсын Оюуны Чадварын IQ төв»-ийн гүйцэтгэх захирал Д.Өлзийбадрах биечлэн очиж уулзсан байна. Боно гуай манай төлөөлөгчид «Танай Монгол мэт буурай хөгжилтэй, цөөн хүн амтай оронд хийсвэр академик боловсрол үр өгөөжөөр бага юм, та нар дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэхээсээ өмнө өөрсдөө хөгжихөө бод, робот хийж дэлхийг эзэгнэх гэж байгаад өөрсдөө робот болчихуузай, бодит байдлаа сайн хар, ер нь та нөхөд нилээд бүтээлч бус сэтгэж байж мэднэ, учир нь бүтээлч сэтгэлгээ дутсанаас л улс гэрийн хөгжил дэвшил гацдаг, монгол хүн англи биднээс бие махбодийн хувьд дутуу биш шүү дээ, гагцхүү бүтээлч сэтгэлгээний хомсдолд л нэрвэгдсэн байх, боловсролоо шинэчлэх шаардлагатай, оюун ухаанаа хөгжүүлэхийг чухалчил, сургуулиудад энэ чиглэлийн хичээлийг ахиу оруул, ахлах ангиудад CORT курсыг ашиглаарай, бид туслая» гэж хэлсэн байна. Энэхүү CORT курсыг одоогоор дэлхийн олон орон ахлах сургуулийнхаа (IX, X, XI ангиуд) албан ёсны хичээл болгон хэрэглэж .байгаа аж. Зөвхөн Венесуэль улс гэхэд л CORT курсыг заах 200000 багш бэлтгэсэн гэнэ. Тэнд сурагч оюутнууд өдөр бүр хичээлийн хоёр цагийг сэтгэж сурахад албан ёсоор зориулдаг ажээ.
Монголчууд «өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг» гэлцдэг, үнэн худал нь бүү мэд, ямартай ч эрдэмтдийн хэл ярианд хийсэж ирдэг өвчин гэсэн ойлголт байдаггүй, өвчин хийсэж ирдэггүй, хэлж ирдэг, тэгэхлээр «БОХ» нь хэлж ирсэн төдийгүй, манай боловсролоос өөрөөс нь ургасан өвчин, өвчинг гуйж явуулахгүй, хөөж явуулна, иймд «БОХ»-ыг хамтын оюун ухаанаар хөөн зайлуулцгаая.
Бүтээлч сэтгэлгээний хомсдолоос салах цаг айсуй, салхи хөдлөв бололтой...
БYТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭНИЙ ХОМСДОЛЫГ YЛДЭН ХӨӨХ ИХ САЛХИ НИЖИГНЭНХЭН ХӨДӨЛТYГЭЙ