 |
|
|  |
CoRT
CoRT гэж юу вэ? - Кэмбрижийн их сургуулийн Cognitive Research Trust-ын (Танин мэдэхүйн судалгааны хүрээлэн) боловсруулсан CoRT Сэтгэлгээний хөтөлбөр бөгөөд сэтгэлгээний курс хичээл юм.
CoRT хичээл нь сэтгэлгээг зориудаар сургах бусад хичээлтэй харьцуулахад хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг хичээл юм. Энэ хичээл нь 1970 оноос хойш заагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд асар их туршлага хуримтлагджээ. CoRT хичээлийг АНУ, Их Британи, Ирланд, Канад, Австрали, Шинэ Зелланд, Израйл, Орос, Хятад гэх мэт улсуудад зааж байгаа бөгөөд жил ирэх тутам энэ хичээлийг нэвтрүүлэх улсын тоо өссөөр байна. Венесуэл улсад нэг жилийн туршилтын дараа CoRT хичээлийг бүх дунд сургуулийн заавал үзэх хичээлийн тоонд оруулжээ. Мөн оюуны чадварын-IQ төв 2002 оноос CoRT хичээлийг Монгол улсад анхлан зааж эхлэсэн.
"CoRT хичээлийг сонирхож байгаагийн шалтгаан нь сэтгэлгээний чадварыг дээшлүүлэхийг маш олон хүн сонирхдог болсонтой холбоотой бөгөөд нөгөөтэйгүүр энэ хичээлийг заахад хялбар, ойлгомжтой гэж олон хүн үздэгт байгаа юм.
Орчин үед багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сэтгэлгээг зориудын тусгай сургалтаар сургаж болно гэсэн үзэл дэлгэрч байгаа нь сайшаалтай боловч сэтгэлгээг бусад хичээлүүдийн явцад хавсрага байдлаар сургаж болно гэсэн хуучин үзэл бодол ч амь бөхтэй байсаар байна. Өндөр IQ-тэй хүн л өндөр хэмжээнд сэтгэж чаддаг гэж саяханыг хүртэл үзсээр иржээ. Гэвч амьдрал дээр ийм байдаггүй. IQ ба сэтгэлгээ хоёр тусдаа байдаг юм шиг санагдаж магадгүй. Cэтгэлгээ нь туршлагатай хавсран оюун ухааны үйлчлэх чадвар юм. Зүйрлэвэл IQ нь авто машины хүчин чадал бол сэтгэлгээ нь жолоочийн ур чадвар болж байна. Ийм ч учраас CoRT хичээлийг гоц авъяастай хүүхдүүдийн сургуулиудад ашиглаж байгаа нь “оюун ухааны занга” гэж нэрлэгддэг өндөр IQ-тэй хүүхдүүд оюуныхаа өндөр чадвараа ашиглаж чадахгүй, өөртөө хэт итгэмтгий, туйлшрамтгай болдог үзэгдлээс зайлсхийх зорилготой юм.
Сэтгэлгээний үндэс суурь нь мэдээлэл биш боловч хэрвээ хангалттай мэдээлэлтэй бол энэ нь сэтгэлгээг орлож чадна гэж үзэх нь туйлын буруу дүгнэлт юм. Би хэдэн зуун мянган бизнес эрхлэгчид, эрдэмтэд, инженерүүд, багш нар гэх мэт олон хүмүүст лекц уншиж байлаа. Тэдгээр хүмүүс сэтгэлгээг хичээл болгон заахын ач холбогдлыг дахин дахин цохон тэмдэглэж байв. CoRT хичээл нь сэтгэлгээг амьдралд ойртуулахаар зохион байгуулагдсан бөгөөд энэ хичээлийг гоц авъяастны сургуулиас оюуны хомсдолтой хүүхдийн сургууль хүртэл бүх газар зааж туршсан юм. Мөн 6 настай балчираас 60 настай хөгшид ч хамрагдах боломжтой.
CoRT хичээлд хэрэглэгддэг үндсэн зарчим нь “нүдний шилний” арга юм. Хэрвээ та хараа муутай бол нүдний шилгүйгээр ертөнцийг муу харна. Хэрвээ нүдний шилээ зүүвэл ертөнцийн дүр төрх улам тодорч улмаар таны үйл хөдлөл итгэлтэй болно. CoRT хичээлийн гол зорилго нь ертөнцийг мэдрэх мэдрэмжийг өргөтгөж, ямар ч нөхцөл байдалд өргөн цар хүрээтэй сэтгэх боломжийг олгоно. Ингэж болно гэдэг нь ч туршлагаар батлагджээ".
Эдвард Де Боно
CoRT хичээлийн давуу талууд гэвэл:
- хувь хүн аливаа асуудалд ганцаарчлан шийдвэр гаргахдаа олон талаас нь авч үзэх, үзэл бодлоор хэт туйлшрахаас сэргийлэх, бүлгийн шийдвэр гаргах, дүгнэлт хийхэд маш бага хугацаа зарцуулах, холбогдох мэдээллийг системтэйгээр цэгцлэх боломжийг олгодог.
- сэтгэх дадлага эзэмшүүлнэ
- сэтгэлгээг задлан хөгжүүлнэ
- сэтгэлгээний цар хүрээг тэлэх, оновчтой сэтгэх арга барилд сургана

Энэхүү сэтгэлгээний CoRT курсыг зон олныхоо хүртээл болгох гэж Хан-Уул дээд сургууль болон Монгол Улсын Оюуны чадварын-IQ төвийн хамт олон сэтгэл зүтгэлээ гаргаж, АНУ-аас CD-г нь захиалан авчирч, орчуулж Хан-Уул дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудад зааж эхлэсэн үеээс хойш "сэтгэлгээг зориудаар заах" тал дээр нилээд амжилт гараад байна. IQ нь 70-140, нас нь 6-60 хоорондох хэн бүхэнд зориулагдсан бөгөөд ганцаараа эсвэл хамт олноороо CoRT-оор хичээллэх боломжтой. Хичээл нь үндсэн 6 бүлэгтэй бөгөөд та 1-6 бүлгийн аль нэгийг нь сонгоод хичээллэж болно.
Таны сэтгэлгээ байнга хөгжиж, тэлж, гүнзгийрч байх болтугай.
|
|
 |
 |
|