Хайлт:    
 


Сэтгэлгээнд суралцахын учир

Та зөв сэтгэдэг үү? Та алдаж сэтгэдэг юм биш биз? - ийм асуултанд хүн төдий л дуртай байдаггүй нь ажиглагддаг. Аргагүй ээ, Хэн хүн өөрийгөө хамгийн зөв сэтгэдэг гэж боддог, бодолдоо итгэж ажил амьдралаа зохион байгуулсаар, болж байна, бүтэж байна гэсээр өдий хүрсэн, ялангуяа Монголчууд та бид. 
Тэгвэл, бидний амьдрал, ахуй орчин яагаад төдий л сайн биш байна вэ?, яагаад манай улс дэлхийн хөгжлөөс хоцров?, бидний цөөхөн монголчууд яагаад  ая эвээ олохгүй мунгинаад байна?, бидний юу нь хоцрогдоод байна?, бид нэг толгойтой, тэд (хөгжлөөрөө биднээс түрүүлсэн улс орнууд, тэдний хүн ард) олон толгойтой байгаа хэрэг үү?,  яагаад?  энэ асуултанд онож хариулах ёстой.
Сэтгэдэггүй хэн байгаа юм гэж хүмүүс ярилцана. Өөрийгөө өмөөрөхөд үг цөөддөггүй гэж энэ л дээ. Гэхдээ зөв сэтгэж чаддаг нь хэн билээ? гэхээр хариулахад бас хэцүү.
Та зөв сэтгэж чаддаг уу?  гэсэн  асуултанд хариу олъё  гэвэл сэтгэлгээнд суралцах ёстой.

Оюун ухаан бол урхи 
"Энэ салбар дахь хорин жилийн туршлага маань өөрийгөө ухаантай гэж үздэг хүмүүсийн ихэнх нь заавал ч үгүй сайн сэтгэгчид байх албагүй байдаг гэдэгт намайг итгүүлсэн юм". Э. Боно
Ийм хүмүүс  оюун ухааны урхинд ордог. Энэ урхи нь олон талтай боловч энд хоёрыг нь л дурдая.
 

    1. Оюуны өндөр хөгжилтэй хүмүүс юмсыг үзэх үзэл бодлоо хэлбэржүүлсний дараа оюун ухааныхаа чадварыг энэхүү үзэл бодлоо хамгаалахад ашигладаг. Энэ хамгаалалт хичнээн хүчтэй байх тусам тухайн хүнд өөр хувилбарыг харах эсвэл бусдыг сонсох шаардлага бага байдаг. Та юу зөв бэ гэдгийг мэдэж байгаа хэмээн өөртөө итгэсэн бол бусдыг сонсох ямар хэрэг байх вэ дээ? Үр дүнд нь оюун ухааны дажгүй чадвартай хүмүүс бүтэл багатай үзэл бодлын урхинд ордог ба яагаад гэвэл тэдгээрийг маш сайн хамгаалж чаддаг байна.
    2. Оюун ухаан урхинд орно гэдгийн хоёрдахь тал нь өөрийгөө эргэн тойрныхоо дунд хамгийн ухаантай нь гэж үзэж (энэ үзэл нь үнэн ч байж болно) өссөн хүн  энэ ухаандаа илүү сэтгэл хангалуун байхыг хүсдэг. Ийм байдалд хүрэх хамгийн хурдан бөгөөд найдвартай арга зам нь “өөр хүнд түүний буруу гэдгийг нь харуулах” явдал байдаг. Ийм арга барил нь шууд үр дүнг өгч, давуу байдлыг тогтоодог. Ийм хандлагын танд өгөх шагнал нь бага байж магад. Шинэ санаа үр дүнтэй гэдгийг харуулах хүртэл олон жил ч өнгөрч магад. Үүнээс гадна таны санаа сонсогчдод хэр таалагдаж байгаагаас хамаарч ч болно. Иймээс шүүмжлэлт бөгөөд бүтээлч бус хандлага нь оюун ухааны илүү сэтгэл татахуйц хэрэглээ болдог нь илэрхий байна. Түүнчлэн “шүүмжлэлт сэтгэлгээ“-г хангалттай гэж үздэг барууныхны утгагүй төсөөлөл нь байдлыг улам муутгадаг.

Сэтгэлгээнд зориудаар суралцах нь
Сэтгэлгээг тусгай хичээл болгон заана гэдэг нь зорилго ба аргын хувьд илэрхий мэт  санагдаж магадгүй. Мөн сэтгэлгээ нь амьдралын салшгүй хэсэг учраас судлах хичээл бүрийн салшгүй хэсэг болох нь мэдээж. Хүмүүс явах, амьсгалахаа бусдаар заалгадаггүй, эдгээр нь байгалиас заяагдмал зүйл. Гэвч зөв явж чаддаггүй хүн ч байдаг, хүн бүр амьсгалаа зөв зохицуулж чаддаг гэдэг нь ч худлаа. Тухайлбал усан сэлэгчдийн хувьд хүчилтөрөгчийг уушгиндаа хангалтай сайн нөөцлөн аваад усны гүнд ордог. Усан доор байх үедээ нөөцөлсөн хүчилтөрөгчөө зарцуулдаг билээ. Хэдий ийм боловч ихэнх хүмүүс 10-20 секунд л усан доор байж чаддаг байхад зарим хүмүүс 70-90 секунд хүртлэх хугацаагаар байж чаддаг. 10, 70-ийн хооронд ихээхэн ялгаа байгаа биз. Тэгэхлээр зөвхөн яаж амьсгалаа зөв хувиарлах, зарцуулах талаар бие даасан хичээл байж болохнээ.

"Миний бизнест ажилласан олон жилийн туршлагаар шинжилгээ ба эргэцүүлэн бодолт хоёр хангалттай бус гэдэг нь нотлогдсон билээ. Хэд хэдэн сэтгэлгээний дадал дүйд би одоо ч суралцаж байна." гэж Билл Гейтс хэлсэн удаатай.

Сэтгэлгээнд аль ч насны хүн суралцаж болдог. Сэтгэлгээний курс хичээлд суух, номууд олж унших, дасгалтай ажиллах, янз бүрээр сэтгэх гэж оролдох, клуб бүлгэм үүсгэхгэм мэт олон аргаар сэтгэлгээний шинэ арга, төрөлд суралцаж болно. Гэхдээ эдгээрээс нэг бол хичээлд явах эсвэл сэтгэлгээний бүтэн курс номыг барьж авах нь хамгийн ашигтай.