(ЕБС-ийн багш, удирдах ажилтанд хандсан уриалга)
- Боловсролоор хүүхдийн яс-булчинг бус тархи оюуныг боловсруулдаг. Иймд боловсрол нь агуулгаараа оюуны боловсрол байдаг. Хүн бүрийн тархи оюун давтагдашгүй. Үүнийг харгалзан БШУЯ -с "Хүүхэд бүрийг хөгжүүлье" гэсэн чиглэл гаргаснаар монголын боловсролын шинэчлэлд шинэ түлхэц өглөө. Бид өнгөрсөн жилүүдэд бүх хүүхэд гэж ерөнхийлж, тэднийг нэг арга загвараар нэг саванд чихэж яг адилхан "саарал хүүхэд" болгох гэж оролдоод алдсан билээ.
- Өндөр хөгжилтэй орнуудын амжилтын нууц нь хүнийхээ чадамжийг шинжлэх ухаанч аргаар ончтой чиглүүлж ашигласанд оршдог байна. Тэнд хүүхдийн авъяас билгийн хөгжлийн онолын асуудал бараг 100 жилийн судалгаагаар цэгцэрч, Law of gifted & talented students, Law os special education гэх мэт хуулийн хүрээнд зохицуулдаг болжээ. Үүнийг мэдэхгүй газарт сургууль багшийн хувийн баримжаа, таамаг төдий үнэлгээ, өөрсдийн зохиомжилсон "онол" маягийн эгэл бүдүүлэг аргууд зонхилдог. Бүдүүлэг хандлага хор уршиг ихтэйг бодууштай.
- Хүний тархи оюун маш нарийн, нууцлаг, уян хатан, мэдрэмжтэй бөлгөө. Иймээс хүүхдийн билиг авъяас ил тод харагдах нь ховор. Тэрээр олон хэмжээстэй, хувьсамтгай бөгөөд голдуу нууц байна. Тэгэхээр хүүхдийн олон талт оюуныг хөгжүүлж, суурийг нь зөв тавиад ахиад байвал аяндаа хүүхдийн авъяас өөрөө тодроод байх талтай гэж үздэг. Авъяасанд цаг үеийн байдал, мэргэжлийн баримжаа, тухайн хүүхдийн сонирхлын зүгшрэлт, зан чанарын төлөвшил, ахуй байдал, ЕБС-ийн орчин гэхчлэн хажуугийн олон хүчин зүйл нөлөөлдөг. Бас удам угсаа ч чухал. Гарднерийн олон талт оюуны баримтлалыг IQ төв 12 жил сурталчилж, номуудаас нь орчуулж, сурах бичгүүдээ түүний дагуу бэлтгэж ирлээ.
- Билиг авъяасыг өргөн ба явцуу утгаар ойлгоно. Өргөн утгаараа бүх хүүхэд ядаж нэг авъяастай гэнэ. Явцуу утга нь цөөн шалгарсан хүүхдийн асуудал болдог. Хуулиар билиг авъяасын хөгжлийг төрөөс дэмжихдээ тухайн сургуулийн сурагчдын тооны 3-5 % -р тооцдог жишигтэй. Онол нь сайтар зүгширсэн, онох магадлал өндөртэй, хүүхдийн билиг авъяасыг тодруулахад хэрэглэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оношлогооны иж бүрэн сорил байдаг. Түүнийг зөвхөн мэргэжлийн хөндлөнгийн байгууллага л эзэмшинэ.
- Хүүхэд бүрийг хөгжүүлье гэдгийг ЕБС -ийн хичээлийн агуулгын эзэмшилтээр гэж ойлгууштай. Эс тэгвэл, бүх сурагчийн бүх авъяасыг хөгжүүлнэ гэхээр ерөнхий боловсролоос гадна бүр том, хачин өвөрмөц "чадваруудын боловсрол" гэмээр тогтолцоо үүснэ. Хаана ч тийм давхар тогтолцоо алга. Авъяас хөтөлбөрийг ЕБС-ийн гадуурх чөлөөт сонголтын сургалттай хосолбол илүү бодитой ахиц гарна.
- Бага насны хүүхэд бараг бүх юманд авъяастай юм шиг байдаг. Хичээлд шамдуу байх нь авъяасын шинж биш юм. Одоогоор манай ЕБС дээрх гүнзгийрүүлсэн сургалтуудад ихэнхдээ бүтээлч бус шинж нь давамгайлжээ. Гүнзгийрүүлсэн сургалт нь асуудлыг шийдэх, бүтээж туурвих, онч шийдвэр гаргаж сурах буюу бүтээлч - дээд эрэмбийн (High order thinkihg) сэтгэлгээний чиглэлээр өөрчлөн байгуулагдах шаардлагатай.
- Хүний авъяасын талаарх монголчуудын ойлголт цаг үеэсээ хол хоцорчээ. Түүний ард монгол хүний, тэр тусмаа хүүхдийн судалгааны хоцрогдол байгаа юм. Дэлхий бүтээлч сэтгэлгээрүү, оюун ухааны зүгрүү явж байхад бид түүний эсрэг ч гэмээр биеийн хар хүч голлосон зугаа төдий спортын олон жижиг дугуйланг хөөрөгдөж байна. Зарим сургуульд тийм дугуйлан 30-р тоологдох болов. Спортын амжилт нь билиг авъяас мөн эсэхийг эрдэмтэд нарийн судалжээ. Билиг авъяасанд шууд нөлөөтэй 6 том хүчин зүйлийн 6-д бие хөдөлгөөний чадварыг оруулдаг байсан боловч 1980-аад оноос түүнийг хассан. Спорт нь авъяас биш, хүч - эвсэл - хөдөлмөрийн найрал юм. Харин урлаг нь дээрх хүчин зүйлийн 5-д эрэмблэгддэг. Гэхдээ бүтээлч байдлыг нь харна. Хөгжим зохиох нь авъяас бол хөгжимдөх нь авъяас биш. Гамлетийг зохиосон Шекспир авъяастай бол Гамлетийн дүрд тоглосон жүжигчин авъяастай биш. Соробан сампин, шатар, ой тогтоолтын аварга, үсэг тэмдэгт цээжлэх гэхчлэн цөөнхийн дасгалжуулалт бэлтгэлээр ахидаг нэг талаасаа оюуных шиг, нөгөө талаасаа спорт шиг оюунжсан бэсрэг үйлүүдийг авъяасанд оруулахгүй. Ийм учраас билиг авъяасыг 1980-аад оноос "Critical & Creative thinking" гэсэн сэтгэлгээний төрлөөр тодотгох боллоо. Юуны өмнө хүүхдийн оюуныг хөгжүүлэх, тэгэхдээ тунгаан боддог бөгөөд бүтээлчээр сэтгэдэг болгохыг түлхүү чухалчилж байна. Ахлах ангиудад математик, байгалийн шинжлэл, тунгаан бодохуй, бүтээлч сэтгэлгээний хичээлүүдийг төрөөс дэмждэг олон улсын жишиг бий.
- Хүүхдийг багаас нь спорт - тоглоом, урлаг - зугааны салбарт зүтгүүлбэл алсдаа бүтээлч бус сэтгэлгээтэй болдог нь нотлогджээ. Энэ нь спорт бие махбод талаа, урлаг үзүүлбэр талаа дагнадгаас үүдэлтэй. Гэтэл бүтээлч сэтгэлгээ гэхээр оюун тархины асуудал юм. ЕБС дээр хөгжим - уран зохиол - бүжиг - дууны чиглэлийг хамтатгаад "бүтээлч урлаг" гэж сэтгэлгээний нэг хүрээнд оруулдаг нь барууны жишиг. Нэг л дугуйлан байх, тэр нь бүтээлч сэтгэлгээ талаа голлоно гэсэн үг. Ер нь хүүхдийн спорт, урлагын амжилтыг бодлогогүй хөөрөгдөх нь тухайн хүний төдийгүй улс орны хөгжилд таагүй нөлөөтэй. Бидэнд 1 сая Каспаров, Мухаммед Али, Иван Ярыгин, 2 сая Майкл Жексон хэрэгтэй юу, ганцхан Билл Гейтс хэрэгтэй юу гэдгийг бодоцгооё. Боловсрол дахь тоглоом, зугааг багасгаж, хоосон сэгсэгнэж хөөрцөглөдгийг хумиж, хүүхдийг багаас нь бүтээлч бус сэтгэлгээтэй, цэнгэл наадамд хорхойтой болговол улс гэр маань сүйрч мэдэхийг ухаарч, асуудалд бодитой хандаж цэгнэн бодож "Critical thinking" сурцгаая, бүтээлч "Creative" болцгооё.
- Монголын Билиг Авъяастай Суралцагчийн Нийгэмлэг (МОБАН) -с IQ төвтэй хамтарч 2005 оноос жил дараалан өөрийн хөрөнгөөр бүх аймаг, сум, хот, дүүргийн 100000 гаруй сурагчдын оюуны чадвар,билиг авъяасын түвшин, түүний ГОЛЧ-ийг нас, хүйсээр тогтоон баталгаажуулав. Энэ нь ЕБС -иуд сурагчдынхаа билиг авъяасын оношлогоог МОБАН -тай хамтран олон улсын стандарт сорилоор хийх шинэ боломжийг нээж байна.
- Өндөр хөгжилтэй орнуудын ЕБС -д "Сурах чадвар", Их сургуульд "Сэтгэх чадвар" -н үнэлгээг эхэнд нь баримталдаг жишгийг дагаж манай ЕБС-ийн төгсөгчид ирэх жилээс Элсэлтийн Ерөнхий Шалгалтаар "Сурах чадваа" -аа түрүүлж шалгуулдаг журамд шилжих учиртай. БШУЯ-ны Боловсролын Үнэлгээний Төв үндсэн дүрмийнхээ гол зорилтыг биелүүлмээр байна. Бид 8 жилийг алдав.
- Бид дэлхийчлэлийн эринд амьдарч байгаагаа ухаарч, бусдын сайн туршлагыг анзаарч, онол номыг хүндэтгэх учиртай. Онолоос гажиж, өөр өөрсдийн үнэлэмжээр хүүхэд бүрийг хөгжүүлэх гэж хамаагүй үсчих аваас хүүхэд хохирно. Боловсролын шинэчлэл нь эцсийн дүндээ суралцагчдыг тунгаан бодож, бүтээлчээр сэтгэж, түүнийгээ хэрэгжүүлдэг бодит чадвартай болгоход чиглэх ёстой. Энэ нь Чадвар + Мэдлэг + Хандлага (Төлөвшил) -н цогц юм.
- Боловсролын шинэчлэлийг шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэхийг боловсролын бүх шатны удирдах ажилтан, багш нарт анхааруулж, уриалж байна.
Монголын Билиг Авъяастай Суралцагчийн Нийгэмлэг . Монгол Улсын Оюуны Чадварын IQ Төв |