“Хамтын оюун ухаанаар ирээдүйг хөгжүүлье” хэмээх зочин ТА-ныг угтах үг
- www.iqtest.mn вэб сайтад зочилж буй эрхэм таны амрыг эрье. Энэхүү вэб сайтыг юуны өмнө танд зориулан бэлтгэсэн болохыг хэлье. Энэ бол таны веб сайт.
- Та бид оюун сэтгэлгээний эрин хэмээх 21-р зууны эхээр амьдран ажиллах хувьтай хүмүүс бөлгөө. Энэ цаг үе бол Монголын хөгжлийн үнэхээр бүтээлч цаг үе мөн. Бид олон зүйлийг хийж бүтээх ёстой. Тийм сайхан боломжийг мэдээллийн хувьсгал та бидэнд олгож байна, үүний ачаар та манай зочин боллоо.
- Монголыгоо дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Япон, Герман мэтийн улстай харьцуулахад нилээд ард байгаа нь харагддаг, мэдрэгддэг билээ. Аргагүй ээ, тэд 19, 20-р зуунд ажиллажээ, харин бид үймэж, хэрэлдсээр байж, одоо үүнийгээ засацгаая, биетэй бодитой ажил хийцгээе, хий хоосон хэрэлдэхээ больцгооё, хүн бүр өөрийгөө хөгжүүлье.
Манай хамт олон гадаад улс оронд ажиллаж, сурч, амьдарч буй олон мянган эх орон нэгт та нартаа найдаж байна. Яг энэ мөчид та эх орноосоо газар зүйн байршлын хувьд хол, гадна байгаа боловч, чухамхүү энэ веб сайт дээр та бидэнтэй хамт байна. Оюун ухаан, зүрх сэтгэлээрээ хамт нэгдмэл байх л хүн биднийг ойртуулан нягтруулдаг бөлгөө.
Манай хамт олон Монголын оюутан залуус, сурагчид, тэдний эцэг эх, багш, профессор эрдэмтэд, ерөөсөө оюун сэтгэлгээгээ байнга хөгжүүлэх сонирхолтой хүн бүхэнд хандаж байна. Та нөхөд бол манай эрхэм хүндэт зочид билээ. Зочноо хүндэтгэн дайлж, өөр хоорондоо халуун дулаан үгс солилцдог нь монгол хүний эрхэм сайхан чанар юм. Бидэнд шийдээгүй асуудал олон байна. Бас шийдвэрлэж буй асуудал ч олон байна, БНСУ-ын нэгэн профессор надад “танайх яг манай 1960-аад оны эхэн шиг байна даа” гэсэн. Тиймээ, бид 50 биш, 30, чадвал 20 жилийн дараа одоогийн БНСУ шиг болно., болох ч ёстой, ийм боломж бий, улс гэр маань өдрөөс өдөрт өнгөө засан өөдөлж байгаа нь нүднээ ил байгаа билээ. Энэ дэлхийн ямар ч үндэстэн хөжлийнхөө зөв зам руу орж байгаа нь баримт юм. Хүн нь өөрөө хөгжөөд ирэхээр аяндаа орон гэр нь сайжраад, дэгжээд байдаг ажээ. Бид дэгжиж, хөгжих л болно, үүнд маргах зүйл байхгүй. Монголчууд бидний дунд маргаж, хэлэлцэж буй асуудал (problem) олон байна. Problem үүслээ, мэтгэж хэлэлцлээ, түүнийгээ шийдлээ, дахиад л problem үүснэ... хэлэлцэнэ, шийднэ,... ингэж хөгждөг нь жам юм.
Та манай веб сайтад зочилсноороо:
- Оюун ухааны талаар цэгцтэй мэдлэгтэй болох учиртай. Оюуны чадал бярыг сорьж, улмаар хөгжүүлэх боломжтой. Ингэе гэвэл та өөрөө урагш тэмүүлээрэй. Нэг нь үнэгүй бэлэн хоол өгөөд нөгөөх нь аваад бүхлээр нь залгиад байвал юуных нь хөгжил байхав, хоёулаа тэжээвэр сэтгэлгээнд уусаж, хөгжил зогсоно. Бид бие биенийхээ өөдөөс явах ёстой.
- Өөрийнхөө IQ-аа тогтоолгон, давуу талаа танин мэдэж зөвөлгөө аваарай.
- Эцэг эхчүүд маань хүүхэд багачуудынхаа авъяас чадвар, оюуны чадлыг мэдэж, хөгжүүлэх талаар санал зөвөлгөө авч болно.
- Өөрийн санаа бодол, бусдад хандсан сургааль, захиас, онч үг, ер та хэлэх гэсэн бүхнээ бич, тэгээд тал талаас нь цөмөөрөө шүүн хэлэлцэе. Энэ нь зөв онч шийдэлд хүрэх арга юм. Мэдээж хэрэг,та зочин учраас “бусдыг муулах, хараах, бүхнийг хараар будах, элдэв эмх замбараагүй байдлыг уриалах” зэргээр овилгогүй аашлахгүй бизээ. Бид танд найдаж байна.
Манай хамт олон энэхүү вэб сайтыг байнгын ажиллагаатай, ялангуяа таны суух орчныг аятай тохилог болгоход анхаарна. Yүний тулд мэдээж хэрэг таны захиалга, дэмжлэг хэрэг болно. Та бид хамтарч байж л энэ Монголыгоо хөгжүүлнэ, та бид хамтарч байж л оюун сэтгэлгээгээ хөгжүүлнэ, би дээр хэлсэн дээ, хүн нь хөгжихөөр л улс орон нь хөгждөг гэж... Та энэхүү веб сайтаас ядаж нэг ном худалдаж авбал тэр нь бидэнд бэлэг юм, та өөрийнхөө IQ-г тогтоогоод зөвлөгөө авчихвал тэр нь бидэнд бэлэг юм. Манай хамт олон бол хүнд хэрэгтэй юмыг нь өгчихөөрөө түүнийгээ өөрт ирсэн бэлэг гэж боддог шүү. Та бас бусдад бэлэг өгч болно, номоо зарж болно, санаагаа хэлж болно, бидэнтэй төрөл бүрийн арга хэлбэрээр хамтран ажиллаж болно.
Та энэхүү веб сайтаас тодорхой үнэн мэдээлэл авч, оюуны цэнгэлийг амсах учиртай. Манай хамт олон чухамхүү үүний төлөө л ажиллах болно. Мэдээж хэрэг, дутуу дулимаг зүйл байж таарна, үүнийг та бидэнд хэлээрэй, бид анхаарч засая. Бид вэб сайтаа байнга шинэчилж, сайжруулахыг зорих болно.
Та бүхэнд баярлалаа.
Монгол Улсын Оюуны Чадварын-IQ Төвийн тэргүүн,
Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн,
Монголын Математикийн Багш нарын Академийн тэргүүн,
Хан-Уул дээд сургуулийн захирал,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмийн Зөвлөлийн гишүүн,
Доктор профессор Цэрэнгийн Дэмбэрэл