Нvvр | Тестvvд | Таны анкет | Хариу | Тусламж | Нэвтрэх
   
 
Нийтлэл
Оюун ухааны онолууд
Оюун ухааны тодорхойлолт
Оюун ухааны тухай
Оюун ухааныг хэмжих нь
Тестийн талаарх алдаатай ойлголтууд
Тестүүдийн танилцуулга
IQ тест гэж юу вэ?
Оюун ухааны онолууд

Спийрмэний хоёр хүчин зүйлт онол
Ч. Спийрмэн (1863-1945) оюун ухааныг аналитик хандлагаар судласан анхны эрдэмтдийн нэг байлаа. Тэрээр оюун ухааны хэд хэдэн бүлэг тест авч, тэдгээрийн хоорондох хамаарлыг судласны үндсэн дээр “оюун ухаан нь хоёр хүчин зүйлээс хамаарна” хэмээх онолыг дэвшүүлсэн. Ийнхүү одоог хүртэл хурц маргаан дунд байдаг, нилээд тооны эрдэмтэн судлаачдын хүлээн зөвшөөрдөг g-ерөнхий хүчин зүйлийг Спийрмэн гаргаж ирсэн.
Спийрмэнийхээр g-хүчин зүйл нь оюун ухааны тестээр хэмжигддэг бөгөөд танин мэдэхүйн чадвар болон бусад оюуны үйл ажиллагаануудын нийлмэл үр дүн юм.       
Мөн нөгөө талаас g-г оюуны ерөнхий чадвар гэж үздэг.




Гилфордын оюун ухааны онол
Тэрээр хүний оюун ухааныг бүрдүүлэгч бүх хүчин зүйлс нь 3 хэмжээст оюун ухааны загвар бүхий бүтэцтэй гэсэн онолыг судлаж гаргасан. Энэхүү загвараар бол хүний оюун ухаанд байж болох 120-иос доошгүй чадварыг илрүүлэн гаргасан юм.
Эхний хэмжээс нь үйлдэл буюу мэдээлэлтэй холбоотой процес, дараагийн хэмжээс нь агуулга хэлбэрийн, гуравдах нь үр дүн, гарцыг илэрхийлнэ. Эндээс аливаа нэг оюуны чадвар гэдэг нь агуулга хэлбэрийг (үг, үсэг) үйлдэлтэй (танин мэдэхүй) холбон үр дүн (хоршил) гаргах (нь үг хэллэг, дуу шүлэг г.м) оюуны үйл явц юм.
Боломжит нийт чадварыг тооцохын тулд хүчин зүйлсийн тоог тооцоолход 4x5x6=120 болно.





Гарднерийн олон талт оюун ухаан

1980-аад оны эхэн үед Харвардын Х. Гарднер харьцангуй биеээ даасан оюуны чадварууд болон олон талт оюун ухаан (үүнийг оюун ухааны талаарх Гарднерийн тодорхойлолт гэж үздэг) тухай онолыг гаргаж тавьжээ. Эдгээр нь бие даасан найман хэв шинж, мөн нэмэлт байдлаар хоёр хэв шинжээс бүрдэнэ. Гэхдээ Гарднер дээрх наймаас олон хэв шинж байж болохыг үгйсгээгүй болно.

Жич: 2004, 2005 онуудад МYОНТ, MN25 телевизүүдээр гарсан профессор Ц. Дэмбэрэлийн лекцэнд “олон талт оюун ухаан” гэсэн бүлэг хичээл бий.


1. Вербал – хэл зүйн оюун ухаан
     Энэ хэв шинж нь хэлний чадвар болон унших, бичихтэй холбоотой бүх чадварыг агуулдаг. Янз бүрийн түүх ярих, оновчтой үг хэллэг, ижил хувилбар хэрэглэх, хийсвэр сэтгэлгээ, хошин шогийн мэдрэмж, билиг тэмдгийн сэтгэлгээ гэх мэтийг энэ чадварт хамааруулдаг. Зохиолч, яруу, найрагч, уран илтгэгч, жүжигчдэд энэ интеллект түлхүү илэрдэг.
    Вербал - хэл шинжлэлийн чадварууд нь оюун ухааныг үнэлэх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур болдог бөгөөд IQ тестийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг. Чухам ийм учраас тестийг зохиосон хэлнээс өөр хэлээр ярьдаг хүмүүст бага зэрэг хүндрэл учруулдаг. Ийм тестийн шалгалт нь хэлийг болон үгийн санг чөлөөтэй эзэмшсэн байхыг шаарддаг учраас вербаль-хэл шинжлэлийн интеллект нь генетикийн хүчин зүйлүүдээс үл хамааран сургалтын систем, уншсан зүйлийн хэмжээнээс хүчтэй хамаардаг.

2. Логик-математикийн оюун ухаан
    Энэ нь индуктив буюу “шинжлэх ухааны” сэтгэлгээтэй хамт ойлгогдож, тоо болон бусад тэмдэгтүүдтэй ажиллах, мэдээллийн саланги тусгаар элементүүдийн хоорондын холбоог тогтоох чадварыг өөртөө агуулдаг. Энэ төрлийн интеллект нь эрдэмтэн, нягтлан бодогч, программ зохиогч, банкны эзэн, хуульч, математикчдад түлхүү илэрдэг. Логик-математикийн интеллект нь IQ-г хэмжих стандарт тестийн бас нэгэн чухал бүрэлдхүүн хэсэг юм. Энэ нь вербаль-хэл шинжлэлийн интеллектийн хамтаар барууны боловсролын системийн болон ихэнх академик параметр үзүүлэлтийн үндсийг бүрдүүлдэг.

 3. Визуал-хараа орон зайн оюун ухаан
 Энэ төрөл нь зураг, уран зураг, уран баримал зэрэг урлагийн төрлүүд болон навигаци чиглүүлэлт, газрын зураг зохиолт, уран барилга зэрэг орон зайн харьцааг мэдрэх чадварыг шаардсан шинжлэх ухаантай холбоотой юм. Интеллектийн энэ төрөл нь хийсвэр дүр төрхийг сэтгэлдээ ургуулан бодох, объектыг төсөөлөх чадварыг агуулдаг. Энэ интеллект нь зөв бичих зүйгээс эхлэн дотоод төсөөлөл бий болгох асуудлыг бүтээлчээр шийдэх зэрэг оюун ухааны олон үйлдэл болон шинжүүдэд нөлөөлдөг.

4. Бие бялдар-хөдөлгөөний оюун ухаан
 Энэ интеллект нь бүжиг, спорт, бие бялдрын тоглоом зэргээр сэтгэл санаагаа илэрхийлэх, бусадтай харьцах үедээ “биеийн хэлийг” ашиглах чадварыг төлөвшүүлдэг. Мөн “булчингийн санах ой” дээр үндэслэсэн унадаг дугуйгаар явах, усанд сэлэх, автомашин жолоодох зэрэг чадваруудыг өөртөө агуулдаг. Энэ нь бараг автомат мэт болдог учраас “ухамсарт “ сэтгэлгээнээс хамаарахгүйгээр бие бялдрын овсгоо, самбаагаар илэрдэг. Энэ нь жүжигчин, тамирчин, бүжигчин, зохион бүтээгчдэд илэрдгийг бид хардаг. Хувь хүн хэр зэрэг сургагдаж, бэлтгэгдсэнээс үл хамааран энэ интеллект нь өвөрмөц авъяас чадвараас хамааралтай юм.

5. Хөгжим-хэмнэлийн оюун ухаан
Энэ төрлийн интеллект нь аливаа хэмнэл, авианы өнгийг таних, орчны авиа, ялангуяа хүний дуу, хөгжмийн эгшгийг мэдрэх чадваруудыг агуулна. Хөгжимчид, хөгжмийн багш нарт, түүнчлэн ажлаа явуулахдаа дуу хоолой, авиаг голлон үндэслэдэг худалдааны болон рекламын чадварлаг ажилтнуудад голдуу илэрдэг. Сонсголын энэ мэдрэмж нь сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлд үлэмж нөлөөлж, аливаа аялгуу, хэмнэл нь ой ухааныг сэргээж, биеийн яс, булчин бүрт мэдрэгдэх шиг болдог. Хүний дуу хоолойг сайтар мэдэрч чадах нь хувь хүмүүсийн хоорондын харилцааны чухал хэсэг болж чаддаг.

6. Бие хүний дотоод оюун ухаан
Интеллектийн энэ хэлбэр нь хувь хүнд өөрт нь чиглэгдэж, өөрийгөө танин мэдэх чадвар хэмээн бидний нэрлэдэг зүйлийг тодорхойлж өгдөг. Тэр нь рефлекс, өөрийн ухамсар, сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, зөн совин, оюунлаг шинжтэй холбогдон ойлгогддог. Энэ интеллект нь өөрийн ухамсар, өөрийн идентификаци өөрийгөө танин мэдэхүй болон сэтгэлгээний үйл явцын тухай эрэгцүүллийг тодорхойлдог. Тэр нь зорилго дэвшүүлэх, шаардлагатай үед зогсож нөхцөл байдлыг шинээр харах, хэлний хэлбэрүүдээс субъектив санаа, мэдрэмжүүдийг олж илэрхийлэх чадварыг хөнддөг. Тэр нь юу тохиолдож болохыг өөртөө төсөөлөх боломжийг бидэнд олгодог, “дээд ухамсар” гэж голдуу нэрлэгддэг тэр салбарт тархаж болох юм. Түүнээс гадна чухам энд л амьдралын утга учрын тухай глобаль асуулт гарч ирдэг. Хэдийгээр интеллектийн энэ төрөл нь тодорхой мэргэжилтэй холбоогүй боловч философич, сэтгэл судлаач, суртал номлогч нарт түлхүү илэрч байдаг.

7. Бие хүний хоорондын оюун ухаан
    Энэ нь бусад хүмүүстэй хамтран ажиллах хэлний болон хэлний бус коммуникаци харьцааны чадварыг тодорхойлдог.Энэ хэлбэрийн хөгжсөн интеллекттэй хүн эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааны байдал, темперамент, сэдэл, зорилгыг илүү мэдэрч чаддаг. Заримдаа энэ шинж чанарыг эмпатия буюу бусад хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг хуваалцах чадвар гэж нэрлэдэг. Энэ нь бусдын айдас, итгэл найдвар, итгэл үнэмшлийг ойлгоно гэсэн үг юм. Бусад хүмүүсийг “унших” чадвар гэдэг нь “нийгмийн интеллект”-ийн чухал хэсэг бөгөөд консультант зөвлөх, багш, сэтгэл засалч, улс төрч, шашны удирдагч, чадварлаг менежерүүдэд түлхүү илэрдэг.

8. Байгалтай харьцах оюун ухаан
    Байгаль ертөнцтэй харьцах, хайрлах, байгалийн сайхныг мэдрэх гэх мэт чадварууд.